“Улаанбаатар залуусын оролцоо” төрийн бус байгууллагын дэргэдэх “Улаанбаатар аялагч” клубийнхэн энэ сарын 30-нд “Богдхан уулаа цэвэрлэе” нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Монголын хамгийн эртний дархан цаазат газарт тооцогддог тус уулыг орчны бохирдол, доройтлоос хамгаалах зорилготой өдөрлөгийн үеэр залуус Зайсан, Төрхурах, Манзушир, Жаргалант, Их, Бага тэнгэрийн аманд үүссэн хур хогийг цэвэрлэж, ачих юм байна. “Хог түүхээс илүү хаяхгүй байя” уриатай арга хэмжээнд байгаль хамгааллын болон хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, ууланд алхагчдын клубийнхнээс гадна нийслэлийн иргэдийг оролцуулах аж. Одоогоор БОАЖЯ, нийслэлийн болон Хан-Уул дүүргийн ЗДТГ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын уулчдын үндэсний холбоо энэхүү санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Ташрамд дурдахад, Туул голын сав газрын захиргаа иргэний нийгмийн байгууллага, оюутан, залуусын төлөөлөлтэй хамтран ирэх сард “Clean up” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний хүрээнд нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын хогийг цэвэрлэх аж.