Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн байгууллагуудаас анхаарууллаа. Манай оронд халдвар үүсгэгч ийм шавжийн олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг. Тиймээс ой модтой газар, хөдөө хээр явахдаа тод өнгийн битүү хувцас өмсөх, газар удаан сууж, хэвтэхээс зайлсхийх, мал, амьтанд ойртохгүй, ноос, ноолуур гэртээ хадгалахгүй байх, хачиг дайжуулагч бодисыг зааврын дагуу хэрэглэх зэргээр эрсдэлээс сэргийлэхийг сануулав. Тэрчлэн эрсдэлтэй бүсэд зорчсон тохиолдолд хувцас болон биедээ хачиг байгаа, эсэхийг заавал шалгахыг зөвлөлөө.
Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай аймаг хачигт энцефалитын байгалийн голомттойд тооцогддог. Тэгвэл эдгээр аймагт оршин суудаг иргэд, ажил, аяллаар зорчиж буй хүмүүс дархлаажуулалтад хамрагдаж, халдвараас сэргийлэх нь аюулгүй гэнэ.