Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэв
Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дуудаж, өчигдөр 16.00 цагт гэрчээр мэдүүлэг авлаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад дээрх банкнаас “Хөтөл”, “Кью си эс” компанид зээл олгосон бөгөөд үүнтэй холбоотойгоор тайлбар авсан байна. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа “Эрх баригч намаас Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан. Одоо хэн зохиол бичээд байгааг мэдэхгүй. Хууль хяналтын байгууллагад “үлдэгдлүүд” нь арилаагүй юм шиг байна. Яллагдагчаар татах прокурорын тогтоолтой лхагва гарагт өмгөөлөгчтэйгөө ирж танилцаж, мэдүүлэг өгөхөөр болсон. Надад хийсэн хэрэг байхгүй. Манай Засгийн газар бүх зүйлийг ном журмын дагуу хийдэг байсан” гэв.
Дээрх банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой хэргийг шалгах явцдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бусдаас хахууль авсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Баттай эх сурвалжууд “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл аваад зориулалтын бусаар зарцуулсан, авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй гэх хэрэгт холбогдсон НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татаж, тогтоолыг нь танилцуулсан” гэсэн юм.
Бидэнд олдсон мэдээллээр Хөгжлийн банкны удирдах албан тушаалд нутаг нэгт хүмүүсийг томилуулж, улмаар тэднээр дамжуулан найз нөхдийнхөө аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал, Архангай аймгаас нэг бус удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Ж.Мөнхбат Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар нутаг нэгт, ангийн анд Б.Чойжилжалбууг томилуулсан. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба, тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр зэрэг Архангай аймгийн гаралтай хүмүүсийг томилуулж, улмаар тэднээр дамжуулан найз нөхдийнхөө аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байх магадлал өндөр байгаа юм.
Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын даргад хүргүүлжээ. Прокурорын байгууллагынхан энэ талаар “Мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн нь үнэн” гэсэн мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ-ын тухай хуульд зааснаар ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Энэ хуулийн 9.5-д “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт багтаан хэлэлцэх бололтой.
Бэлтгэсэн Г.Равжаа