Нийслэлийн мөрдөн шалгах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэргэд байгуулсан Хүүхдэд ээлтэй өрөөг гэмт хэргийн хохирогч болон холбогдогч хүүхдээс мэдүүлэг авах, тэдэнд хуулийн зүйн туслалцаа болон бусад үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г хэрэгжүүлэгч Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр тохижуулсан хүүхдэд ээлтэй өрөөг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг болон төслийн багийнхан оролцов.