Нэгэн эмэгтэй цахим орчинд "Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд энэ хүн бээлийнд бензин шингээж, үнэрлэн улмаар гэртээ орох гэж байсан эмэгтэй хүүхдийн араас дагаж орох гэж айлгасан явдал гарсан байна. Тухайн үед жижүүр камераар харж, сэжигтэй санагдсан тул араас нь дагаж очин уг үйлдлийг таслан зогсоож, сэжигтнийг хөөж гаргасан тулдаа аюул багатай өнгөрcөн гэнэ. Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж энэ мэт хүмүүсээс үр хүүхэд болон хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалж, орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж, шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатай" хэмээх мэдээлэл оруулсан. Гэхдээ тухайн байрны жижүүр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй гэнэ.
Харин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсээс тухайн мэдээлэл гарсны дараа орцонд мансуурсан гэх этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж эхэллээ. Мөн мэдээлэл цацсан эмэгтэйгээс мэдүүлэг, тайлбар авчээ. Улмаар сэжигтнийг саатуулсны дараа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү, зөрчлийн хэрэгт тооцох уу гэдгээ шийдэх аж.