“Мишээл групп” ХХК харилцагч байгууллагуудтайгаа хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн XX хорооны нутаг дахь Туул гол дагуух хэсгийг амралт зугаалгын бүс болгон тохижуулж, өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад оруулсан. Нийслэлчүүдийн, тэр дундаа Хан-Уул дүүргийнхний амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг болсон тус бүсэд дуут шувуу нутагшуулах зорилготой ажлууд хийхээр төлөвлөснийг компанийнхан мэдээллээ. Үүний хүрээнд “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хамтран 10-18 насны сурагчдын дунд шувууны үүр хийх уралдаан зарлажээ. “Мишээлийн шувуудын гэр” уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сар дуустал хүлээж авах бөгөөд жигүүртнүүдэд тухтай, аюулгүй, стандартын шаардлага хангасан найман үүрийг сонгож, Туул голын эрэг дагуух модонд байршуулах аж. Мөн бүтээл нь шилдэгт шалгарсан хүүхдүүдийг мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.