Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо эхэлсэн “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д өчигдөр цахимаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалт “Ковид-19” цар тахлын үеийн болон түүний дараах дэлхий: Хамтын ирээдүй, дэлхий нийтийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” сэдвийн дор болж байна. Уг уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн, яриа хэлцээний чухал индэр болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Мөн цар тахлын дараах үе болон олон улсад үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг бодитой тооцон, эдийн засгийн сэргэлт, харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах ажлыг цаг алдалгүй хамтран хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ. Монгол Улс БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам” болон “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгааг ч илэрхийлсэн юм. Энэ нь дэлхийн улс орнуудын эрх тэгш байдал, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг хангах, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр- 2030”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэрбээр онцолсон. Мөн Ази тивийн улс орнууд цар тахлын хүнд үед ч дээд, өндөр түвшний харилцаагаа хадгалан, харилцан дэмжлэг үзүүлж, тулгарсан сорилт, бэрхшээлийг хамтдаа туулж чаддагийн бодит жишээ болж буйг тэмдэглэв.