ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотоос Улаанбаатар руу зорчиж явсан “Ланд круйзер-200” загварын автомашин энэ сарын 21-ний 05.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруухараагийн нутаг, Баянголын гүүрний орчимд осолдож, түүнд сууж явсан хүмүүс нь гэмтжээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр ОБЕГ-ын удирдах албан тушаалтнууд энэ ослын үеэр гэмтсэн хэмээн мэдээлсэн юм. Тухайн зорчигчид нь өдгөө онцгой байдлын байгууллагад ажилладаг хүмүүс биш гэдгийг ОБЕГ-ынхан ч, цагдаагийн байгууллагынхан ч залруулан мэдээлсэн.
ОБЕГ-ынхан “Улаан-Үдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсний дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08.11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09.45 цагт ГССҮТ-д хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ” хэмээсэн юм.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр осолд өртсөн хүмүүс нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хурандаа У.Э, Б.Г, онцгой байдлын байдлын байгууллагаас гавьяаныхаа амралтад суусан Ж.Б болон Улаан-Үд дэх Монгол Улсын Консулын газрын ажилтан гэж өөрийгөө танилцуулсан Л.Т гэх эмэгтэй аж. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарьтай садан төрлийн холбоотой хүн байсан гэх мэдээлэл ч бий. Дарханы замыг шинээр барьж байгаа хэмээн хэдэн жил болж, асфальтан зам дээр шороо овоолсныг мөргөснөөс ийнхүү осолдсон аж.
Бэлтгэсэн Г.Равжаа