Баавгай судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, АНУ-ын Айдахогийн их сургуулийн профессор Лизетт Уейстэйг Монголд ирэхэд нь уулзлаа. Тэрбээр мазаалай баавгайн генетикийн судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан, манай улсын эрдэмтэн Т.Одбаярын багш юм.
-Та хэдэн жил баавгай судалж байна вэ. Тэр дундаа говийн баавгайг хэзээнээс судлав?
-Би 1996 онд докторын зэрэг хамгаалсан. Анх хойд Америкийн, дараа нь Европ, одоо Азийн буюу говийн баавгайг судалж байна. Миний хувьд Хятадын пандагаас бусад бүх төрөл, зүйлийн баавгайтай “танилцсан”. Энэ олон судалгаанаас хамгийн их гайхшируулсан нь мазаалай. Хахир, хэцүү нөхцөлд дасан зохицоод амьдарч байгаа нь үнэхээр гайхалтай санагддаг. 2010 онд Т.Одбаяр доктороос говийн баавгайн ялгадас, үс зэрэг сорьц анх хүлээж авсан юм. Энэ жил өөрийн биеэр баавгайн амьдрах орчинтой танилцах гэж Монголд ирлээ.
-Мазаалай баавгайг харж чадсан уу. Монголын говиор гурван хоног аялахдаа экосистемийг нь хэрхэн ажиглаж, дүгнэв?
-Монголын говь, цөл бол дэлхийд танигдсан гайхалтай газар. Ийм үзэсгэлэнтэй, онцгой экосистем өмнө нь харж байсангүй. Бид говьд гурав хоносон учраас баавгайн мөрийг л харлаа. Гэхдээ өмнө нь Т.Одбаяр доктороос сорьц хүлээж авдаг байсан бол энэ удаа өөрөө цуглуулснаараа онцлогтой. Ингэснээрээ генетикийн сүүлийн үеийн судалгаа хийж, тоо толгойг нь шинэчлэн тогтоох боломж бүрдэнэ.
-Одоогоор хэчнээн мазаалайн үс, ялгадас зэрэг сорьцыг шинжлээд байна вэ?
-2017 онд 27 баавгайн үс, ялгадас хүлээн авч байв. Гэхдээ энэ нь говьд байгаа бүх баавгайг тоолсон гэсэн үг биш. Зөвхөн бидний хүлээж авсан сорьцоор илрүүлсэн тоо. Генетикийн судалгаагаар зөвхөн тоо толгой бус, тухайн амьтны биеийн бүтэц, онцлогийг шинжилдэг. 2022 оны сорьцоо хэдхэн хоногийн өмнө цуглууллаа. Үр дүн нь удахгүй гарна.
-Дэлхийд найман зүйлийн баавгай бий. Мазаалай яг аль зүйлд хамаарах вэ. Говийн баавгай генетикийн хувьд бусад төрөл, зүйлээсээ юугаараа онцлог бол?
-Бор баавгай гэж таамаглаж байна. Эл амьтан бусад зүйлээ бодвол Европ, Хойд Америк, говь цөл зэрэг газарт хамгийн өргөн тархсан. Тиймээс мазаалай бор баавгайн овгийнх байж магадгүй. Гэхдээ маш онцгой төрөл нь байх. Мазаалай бор баавгайг бодвол жижиг биетэй. Говийн нөхцөлд оршин тогтнож, дасан зохицсон нь маш өвөрмөц чадвар. Энэ амьтан миний судалсан бүх баавгайнаас яах аргагүй онцгой, өөр. Судалгаа бүрэн дуусаагүй тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг ойлгоорой.
-Мазаалай маш том газар нутгийг эзэлж амьдардаг атлаа 50-хан бий гэх тоог эрдэмтэд хэлдэг. Тэгэхээр цус ойртох эрсдэл өндөр үү?
-Тийм. Энэ үнэхээр санаа зовох асуудал. Яагаад гэвэл тоо нь цөөхөн учир цус ойртох магадлал маш өндөр. Цус ойртолт нь амьтныг дархлаагүй, эмгэгтэй болгож, улмаар тухайн төрөл, зүйл устах аюулд хүргэдэг.
-Говийн баавгайн амьдардаг газарт ус, хоол хомс тул манай судлаачид тэжээл тавьж өгдөг. Энэ нь хэр үр дүнтэй арга вэ?
-Тэжээлийн цэг байршуулах нь маш үр дүнтэй. 2017 оноос хойш ажиглахад мазаалайн тоо толгой бага багаар, тогтвортой өссөн. Энэ нь тэжээлийн цэгүүд бий болгосонтой холбоотой. Мөн тэдний амьдарч буй орчныг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгосон нь сайшаалтай. Амьдарч буй орчныг нь улсын хамгаалалтад авснаар баавгай хүнээс дайжихгүй бөгөөд бусад амьтан, ургамлыг ч хамгаалах зэрэг олон давуу талтай. Гэхдээ ингээд зогсож болохгүй, цаашид сайн судлах хэрэгтэй. Монголын Засгийн газраас энэ баавгай генетикийн хувьд ямар амьтан, яаж үрждэг зэрэг нарийн судалгаа хийхэд онцгой анхаарч, хөрөнгө оруулах шаардлагатай. Мөн Говийн их дархан цаазат газарт очиход байгаль хамгаалагч, ажилчид нь чин сэтгэлээсээ, хүсэл эрмэлзэл дүүрэн ажилладаг нь мэдрэгдсэн. Тийм учраас Засгийн газраас байгаль хамгаалагч, судлаач нартаа анхаарч, ажиллах орчин, хангамж зэргийг сайжруулбал, зөвхөн мазаалай бус, тэнд амьдарч буй бүх амьтныг хамгаалах боломж бүрдэх юм.