Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангасан гэнэ. Харин энэ онд нийслэлд компаниуд барилга угсралтын 185 ажил эхлүүлжээ.
Тэгвэл нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран Сүхбаатар дүүрэгт ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд барилга угсралтын ажил үргэлжилж буй гэнэ. Хамтарсан байгууллагын төлөөлөл “Алтан жолоо” компанийн барьж буй 21 давхар оффисийн зориулалттай барилга дээр очсон байна. Улмаар барилгын компанийнханд хамгаалалтын хашааны өнгийг стандартад заасны дагуу саарал болгох, зүүн талаараа явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүргийг өглөө. Мөн гадна шатанд торон хаалт хийх шаардлага тавьсан юм.
Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайханаас барилгын хашаа, хамгаалалт ямар байх ёстой талаар тодруулахад “Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага, MNS 54142014 үндэсний стандартад заасанчлан барилгын хашаа бол дороо бат бөх суурьтай, өндөр нь гурван метрээс багагүй, цагаан юм уу, цагаан саарал өнгөтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой. Түүнчлэн зургаан метр тутамдаа хамгаалалтын тор татаж, явган зорчигчийн зам дагуу 20 градусын налуу хавтан тавих гэхчлэн нарийн заалтууд бий. Мөн барилгын талаарх мэдээлэл, анхааруулга, аюулгүй байдлын санамж бүхий самбарыг байршуулсан байх ёстой” гэлээ.