Саяхан болсон усны салбарын хэлэлцүүлгийн үеэр нэгэн ахмад судлаач “Усаа хайрлая, гол, нуураа хамгаалъя гэж өчнөөн жил ярилаа. Бодитой алхам хийвэл яасан юм бэ. Улаанбаатарын хөрсний бохирдолд анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа цэвэр ус уух аргагүй болох нь. Нийслэлийн хөрс өнгөн болон гүн бохирдолд их хэмжээгээр автсан нь гадаргын, газрын доорх усны найрлага, бүтцэд нөлөөлж, цаашлаад нөөцөд нь хүртэл аюул заналхийлэл учруулж мэдэхээр байна. Үүнийг хүлээн зөвшөөрч, ямар нэг арга хэмжээ даруй авах шаардлагатай. Энэ асуудал олон жил эзэнгүй байлаа. Угтаа бол хөрс, ус, агаар гурав нэг амьтай” хэмээн хэлсэн нь санаанд тод үлджээ. Ялангуяа “эзэнгүй асуудал” хэмээх үг голыг нь олсон мэт санагдсан. Нийслэл хэмээх их айлд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлуудыг хор уршгаар нь эрэмбэлбэл хөрсний бохирдол эхэнд бичигдэнэ. Агаар, усны бохирдол гаарахад нөлөөлсөн уг шалтгаануудын нэг нь ч энэ юм. Мөн амьсгалын замын болон зүрх, судасны өвчлөл нийслэлчүүдийн дунд эрс ихэссэн нь үүнтэй холбоотой. Гэтэл эл аюултай тэмцэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хийсэн дорвитой ажил, гаргасан шийдвэр алга. Яг үнэндээ нийслэлчүүд жил бүрийн хавар л хөрсний бохирдол, тоос, тоосонцрын асуудлыг сөхөж, бусад үед нь ор тас мартсаар өдий хүрчээ.
АНХААРЛЫН ГАДНА ҮЛДСЭН АСУУДАЛ
Хөрсний бохирдлын асуудалд төр, засаг тоомжиргүй хандаж ирснийг хоёрхон жишээнээс харж болно. Нэгдүгээрт, нийслэл өнөөдрийг хүртэл хөрсний бохирдол хариуцсан тусгай алба, нэгжгүй явж ирэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс гэж бий ч тэдний хариуцах асуудал, хүрч ажиллах газар нь хязгаарлагдмал. БОАЖЯ-ны дэргэд Орчны бохирдлыгбууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд Орчны эрүүл мэндийн алба байдаг ч нэг нь хуралдаж, зөвлөмж, чиглэл өгөхөөс хэтрэхгүй, нөгөөх нь хэдэн жилийн өмнөх судалгаа, тандалтынхаа үр дүнг танилцуулахаас цаашгүй. Нийслэлийн Байгаль орчны газар уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэндээ хөрсний бохирдлыг хүчээр “хамаатуулдаг” аж. Харин саяхнаас хөрсний бохирдол, доройтлыг буруулах хэлтэс байгуулах асуудлыг хөндөж, тодорхой шийдвэрүүдийг гаргаад буй гэх. Нийслэлийн Байгаль орчны газрыг ийм хэлтэстэй болгохоор шийдвэрлэсэн ч хэзээнээс ажиллуулах, хүний нөөцөө яаж бүрдүүлэх зэрэг нь тодорхойгүй байгааг тус газрын орлогч дарга С.Санжмятав хэллээ. Энэ шийдвэр хэрэгжвэл Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямартай ч “эзэнтэй” болох нь. Гэхдээ тэд хэр үр дүнтэй ажиллахаас их зүйл хамаарна.
Хоёр дахь жишээ нь хөрсний бохирдлын тандалт, судалгаа орхигдсон явдал. Улаанбаатар хотын хөрс зэрэг доройтсон бэ гэдэгт хариулт эрж, БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Байгаль орчны газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандлаа. Зарим нь “Яг одоогийн нөхцөл байдлын талаар судалгаа алга” хэмээн үнэнээ хэлсэн бол нийслэлийн Байгаль орчны газрынхан зөвхөн нүхэн жорлонтой холбоотой мэдээлэл танилцуулав. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хамгийн сүүлд 2017 онд энэ чиглэлээр судалгаа хийсэн гэнэ. Хариуцсан мэргэжилтнүүд нь орон нутагт ажиллаж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэж Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд өгүүллээ. Шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшний, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан гол байгууллагынханд хөрсний бохирдолтой холбоотой нэгдсэн мэдээлэл, шинэ судалгаа алга. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан судалгааны томоохон ганц байгууллагынхан нь хүртэл байхгүйгээ “гайхуулах” жишээтэй. Эндээс манай улс хөрсний бохирдлын асуудалд хэр зэрэг санаа тавьдаг нь тод харагдаж байна.
ХРОМ, ХҮНЦЛИЙН АГУУЛАМЖААР “ТЭРГҮҮЛЖЭЭ”
Хөрсний бохирдолтой холбоотой баримт, судалгаа эрж байхдаа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарынханд хандав. Тэд дээрх байгууллагынхан шиг “гар хоосон” угтсангүй. Тус салбарын судлаачид өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын төлөв байдал” судалгаа хийснээ танилцууллаа.
Судлаачид хотын суурьшлын бүс дэх 334 цэгээс дээж авч шинжлэхэд хүнд металл их хэмжээгээр илэрчээ. Энэ төрлийн металлаар бохирдсон хөрсийг байгалийн эрүүл, хүний үйл ажиллагаанд өртөөгүй газрынхтай харьцуулахад цайр 83.2, хар тугалга 69.7, хүнцэл 63.5, ванади 58.1, никель 50, молибден 42.3, кобальт 38.1, зэс 12.3 дахин их агууламжтай байжээ. Монгол Улсад өдгөө мөрдөж буй “Хөрсний чанар, хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын дээд хэмжээ” MNS 5850:2019 стандартыг хүнцэл 3.9, хар тугалга 2.7, цайр болон стронци 1.9, молибден 1.2, зэс 0.6 хувиар давсан үзүүлэлт гарчээ. Эдгээрийн дундаж агууламжийг дэлхийн бусад хотынхтой жишихэд хром, хүнцэл (онцгой хортойд тооцогддог гурван хүнд металлын хоёр нь) харьцангуй өндөр байсан гэнэ. Нэг зүйлийг онцлоход, мэргэжилтнүүд судалгааны дээжээ дан өнгөн хөрснөөс авчээ. Хамгийн дээд давхарга нь ийм хэмжээний бохирдолтой байна гэхээр модон жорлон, угаадасны нүхэнд эзлэгдсэн гэр хорооллын хөрс доороо хэр их аюул агуулж байгааг төсөөөлөхөд бэрх.
Хүнд металлын бохирдол хамгийн ихтэй хар цэгт арьс, шир боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, авто засварын газар, Төв болон “Харгиа” цэвэрлэх байгууламж, “Нарантуул” худалдааны төвийн арын гэр хороолол, “Да хүрээ” зах, Улаанхуаран, Амгалан, Улиастай, Ханын материал, Сансар, Алтан өлгий, Эрдэнэ толгой, Орбит, Яармаг, 13, 19 дүгээр хороолол орчим багтжээ. Эл судалгаанд “Арьс, шир боловсруулах үйлдвэр болон цэвэрлэх байгууламж орчим дахь хүнцэл, хромын агууламж хорт хавдар үүсгэх эрсдэлийн индекс (RI) өндөртэйд тооцогдож байна. Иймд эдгээрийг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлж, тухайн хэсгийн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авах шаардлагатай” гэж онцолжээ.
НЯНГИЙН БОХИРДОЛ 6.3 МЕТР ГҮНД ТАРХСАН ГЭВ
Судлаачид хөрсөн дэх хүнд металлын тархалтыг судалснаас гадна нянгийн бохирдол хэр хэмжээнд байгааг тогтоосон аж. Нийслэлийн гэр хорооллын бүс дэх хөрсний 88 хувь нь ийм төрлийн бохирдолтой гэж дүгнэжээ. Хөрсний давхарга дахь нянгийн тархалтын гүн дунджаар 6.3 метр байсан гэнэ. Тодруулбал, өнгөн хөрснөөс доош ийм гүнд нян тархсан гэсэн үг.
Нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог нүхэн жорлонг өндөр нарийвчлалтай, сансрын төхөөрөмжийн тусламжтай анх удаа тоолж, бүртгэсэн талаар тус судалгааны тайланд дурджээ. Үүнийхээ үр дүнд үндэслээд нийслэлийн гэр хорооллын төвийн долоон дүүргийг эрсдэлийн зэргээр нь дөрвөн бүсэд хуваасан байна. Нүхэн жорлон ашиглахыг нэн даруй хориглох шаардлагатай буюу эрсдэлийн зэрэг нэн өндөр IV бүсэд 9443, III бүсэд 43 377, II бүсэд 71 150, I бүсэд 21 022, нийт 144 992 стандартын бус ариун цэврийн байгууламж байгааг тогтоожээ. Холбогдох байгууллагууд энэ судалгааны үр дүнд тулгуурлан шаардлагатай арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлбэл үр дүнтэй гэнэ. Нийслэлийн Байгаль орчны газрынхан гүн бохирдолтой 50 мянган нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгахаар болсон талаараа хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү шийдвэрт дээрх судалгаа нөлөөлсөн бөгөөд эрсдэлийн зэрэг өндөртэйд тооцогдох III, IV бүсэд байгаа 52 мянга гаруй модон жорлонг нэн түрүүнд нянгаас салгахаар төлөвлөсөн нь тэр аж.
Ийм төрлийн бохирдолтой микробиологийн аргаар тэмцэх нь ажиллагаа багатай, төсөвт хэмнэлттэй, богино хугацаанд үр дүн өгдөг ч асуудлыг уг углуургаар нь шийдэх шийдэл биш, гал унтраах төдий арга хэмжээ гэдгийг нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан шийдвэртэй холбогдуулан зарим судлаач, мэргэжилтэн хөндсөн. Тэгвэл нүхэн жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдлыг хазаарлахын тулд ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэгдсэн байдлаар хийх, стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжийг хориглох, хязгаарлах, холбогдох стандарт, журмын хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулах, иргэдийн экологи, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авах шаардлагатайг хөрс судлалын салбарынхан онцоллоо.
ХАРИУЦЛАГЫН БОЛОН УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ гэсэн асуултыг дээрх хүрээлэнгийн хөрс судлаач, МУИС-ийн докторант П.Оюунбатад тавилаа. Тэрбээр хэд хэдэн ажлын нэр заав. Нэн түрүүнд Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хэмжээнд буй хүнд металлын бохирдолтой газруудын байршил, талбайн хэмжээ, үнэлгээ бүхий тооллого, бүртгэлийн мэдээллийн сан үүсгэх шаардлагатай гэнэ. Үүний дараа бохирдлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээх тохиромжтой арга технологийг сонгож, түүнийгээ ямар үе шат, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах нь зүйтэй аж. Дараа нь мэдээж үүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
Тэрчлэн эрсдэлийн зэрэг өндөр буюу III, IV бүсэд байгаа нүхэн жорлонгуудыг ойрын хугацаанд устгах, эко байгууламжаар солих, тэнд амьдардаг айлуудыг бохирын нэгдсэн шугамд холбох шаардлагатайг хэллээ. Хэтдээ ийм жорлонтой айлуудад торгууль, татвар ногдуулах, стандартын ариун цэврийн байгууламж байгуулсанд нь төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулал, ногоон зээл олгох зэрэг бодлогын арга хэмжээ авбал үр дүнтэй гэх. Мөн хотын суурьшлын бүсэд иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлөх, эзэмших эрх олгохдоо тодорхой шалгуур тавих, стандартын шаардлага хангасан жорлон, угаадасны нүх суурилуулсан бол түүнийг газрын үнэлгээнд нэмж тусгах зэрэг зохицуулалтыг эрх зүйн хөшүүрэг болгон ашиглах боломж бий гэнэ. Бас орчныхоо хөрсийг органик болон органик бус бодис, хүнд металл, хатуу, шингэн хог хаягдлаар бохирдуулсан айл өрх, аж ахуйн нэгжийг торгох, үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг хариуцлагын арга хэмжээ авах нь тохиромжтой гэж тэрбээр дурдлаа.