Улсын дээд шүүхэд өнөөдөр авлигын хэрэгт нэр холбогдсон Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарыг хэргийг эцэслэн шийджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 668 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 129 дүгээр магадлалтай, эл хэргийг шүүгдэгч Г.Даваажавын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.
Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.2 дугаар зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.
2019 оны гуравдугаар 25-нд иргэн У нөхөртөө зодуулж, доромжлуулсан хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс хандаж, гомдол гаргасан байдаг. Хэргийн эзэн нь Д.Сүндий бөгөөд "Нэткапитал санхүүгийн групп"-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн ахмад Г.Даваажав болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайхан нар дээрх хэргийн материалаас хохирогчийн гэрэл зураг, гомдол зэрэг зарим материалыг устгаж Д.Сүндийгээс 15 сая төгрөг авсан гэдэг.
Мөн авлигын хэргийг зуучилсан Д.Сүндийгийн удирдлага дор ажилладаг Д.Баттөгс нь авлигын мөнгийг дамжуулахдаа тав сая төгрөг авсан хэрэгт нэр холбогдсон.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Сүндийгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноож, Д. Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгосон. Мөн шүүгдэгч Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Батсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж шатны шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.