Өнөөгийн нийгмийн бузар булай явдалтай үл эвлэрэн эх орондоо амар тайван сайхан амьдрахыг манай залуу үеийнхэн хүсэж хэдхэн хоногийн өмнө жагсан тэмцэцгээв. Монгол орны өнцөг булан бүрт давлагаалсан энэ эсэргүүцлийн арга хэмжээ манай нийгэм тэсрэхэд бэлэн буйг илэрхийлсэн гэж үзэх нэг хэсэг байгаа юм. Нийгмийн нэг “эрэг, шураг” болсон цэргийнхэн дотор, тэр дундаа батлан хамгаалах салбарт сүүлийн жилүүдэд залуу офицер, ахлагч нар үнэнчээр зүтгэхээ илэрхийлж тангараг өргөсөн албанаасаа гарах явдал эрс нэмэгджээ. Ялангуяа гадаад, дотоодын цэргийн академи, их сургууль төгссөн офицерууд, мөн энхийг дэмжих ажиллагаанд олон удаа үүрэг гүйцэтгээд ирсэн туршлагатай ахлагч нар албанаасаа халагдах өргөдлөө өгөх нь эрс ихэссэн гэнэ. Албанаасаа өөрийн хүсэлтээр халагдаж буй залуус төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллага руу шилжих болсон шалтгаанаа зэвсэгт хүчинд цалин хөлс бага, ажлын ачаалал их, бас албаны орон сууцын хангамж муу байдагтай холбон тайлбарлаж буйг БХЯ-ны олон ажилтан хэлж байна.
ДАРГА НАР ОЛОН БАЙРТАЙ, АЛБАН ХААГЧИД ОРОХ ОРОНГҮЙ НЬ СЭТГЭЛ УРВАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОВ
Цэргийн анги салбарын офицер, ахлагч нарын албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөлүүдийн нэг бол яах аргагүй ажиллаж байх хугацаандаа түр амьдрах албан тушаалын орон сууц юм. Харамсалтай нь, манай батлан хамгаалах салбарт сүүлийн үед барьсан албан тушаалын орон сууцууд нь жинхэнэ зорилтот бүлэг болох анги салбарт ажиллагсдад бус, өөрийн гэсэн орон сууцтай генерал, хурандаа нарт зориулагддаг гэхэд хилсдэхгүй. Тэд ч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн болгосон орон сууцуудаа зах зээлийн бодит үнээс хэт хямд үнээр хувьчлан аваад цааш нь дамлан зарцгааж байгааг зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын олон алба хаагч өгүүлдэг юм. Зүй нь өмнөх сайдын үед батлагдсан Албан тушаалын орон сууц ашиглах журмын дагуу бол албан тушаалын орон сууцын нөхцөлтэй ижил болон өөрийн өмчлөлийн амины (хувийн) сууцтай бол албан тушаалын орон сууц ашиглах ёсгүй юм билээ.
Бригадын генерал Г.Сайханбаяр Батлан хамгаалахын сайдаар томилогдсоны дараа хариуцсан салбарын хэмжээнд сүүлийн 15 жилийн дотор нийслэлийн төвийн дүүргүүдэд улсын төсвийн хөрөнгөөр барьсан албан тушаалын орон сууцуудыг сууж байгаа оршин суугч буюу эрхтэн дархтнуудад зах зээлийн бодит үнээс 70 хувийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Эрхэм сайд ч энэ хувьчлалаас байртай болсон талаар харьяалах салбарынхан нь барим, тавим ярьдаг юм. Тодруулбал, 2015 онд Г.Сайханбаяр тус яамны СБТГ-ын даргаар ажиллаж байхдаа авсан орон сууцаа хүмүүст түрээсэлж байгаад 2020 онд салбарын сайд болмогцоо өөрийн гэсэн орон сууцтай атлаа албан тушаалын байр авцгаасан БХЯ, ЗХЖШ-ын нэр бүхий 25 генерал, 50 хурандаад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчлахаар шийдвэрлэж байсан юм. Энэ нь Эрүүгийн хуульд заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон” гэмт хэргийн шинжтэй гэж өгүүлэх хүмүүс ч хариуцсан салбарт нь бий. БХЯ-нд ажилладаг эх сурвалжуудын өгүүлснээр “Сайд Хан-Уул дүүрэг, “Маршал таун” хотхонд өөрийн гэсэн орон сууцтай. Тэрбээр сайд болохоосөө өмнө БХЯ-нд хоёр ч газрын даргаар ажиллаж байсан. Тэр үедээ эрх мэдлээ ашиглаж авсан албан тушаалын байрнаас хоёр удаа авч амташсан гэхэд хилсдэхгүй. Яамны газрын дарга байхдаа авсан орон сууцаа ээждээ, сайд болсныхоо дараа нэгэн генералын хүүгийн нэр дээр байсан байрыг авч хадамдаа өгсөн” хэмээцгээж байна. Зарим хүнд үнэ төлбөргүй, цөөн хүнээс төлбөрийнх нь 10 хувийг авч “бэлэглэсэн” талаар ч БХЯ-ныхан өгүүлдэг юм.
Хариуцсан салбарынх нь нийт алба хаагчдын 26.7 хувь нь өөрийн гэсэн орон сууцад амьдардаг. Харин 15 хувь нь шаардлага хангахаа больсон, хүн амьдрахыг хориглосон албан тушаалын орон сууцад, 39 нь хувийн хашаа байшинд, тав нь түрээсийн орон сууцад, дөрөв нь албаны гэрт, 10.3 нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа юм билээ. Энэ тоо баримтыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Соёмбо” сонинд 2021 онд өгсөн ярилцлагадаа дурдсан байснаас эш татлаа.
Уг нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.1.5-д Төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн тусгай албан хаагчдад зориулсан нийтийн зориулалттай орон сууцын байшин дахь сууцыг хувьчлахгүй байхаар хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ. Энэ хуулийн 311.1-т заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна” гэсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Үүнийг сайд нь зөрчсөн гэхэд хилсдэхгүй нь. Хууль зөрчсөн энэ үйлдлээ БХЯ-ны холбогдох албан тушаалтнууд нь “Гадаад оронд явуулж буй энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивласны учир НҮБ-аас авч байгаа нөхөн олговроос бүрддэг Зэвсэгт хүчний хөгжлийн сан мөнгөгүй учраас сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон цэргийн алба хаагчдад зориулсан орон сууцыг сууж байгаа хүмүүст хөнгөлөлттэй нөхцөлөөр хувьчилж олсон орлогоороо албан тушаалын орон сууц барьж залуу, офицер ахлагч нартаа олгоно” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Ашиглалтад оруулсан оноосоо шалтгаалж хамгийн бага буюу 28.3 ам метр талбайтай албан тушаалын нэг өрөө сууцыг тав, 32.8 ам метр талбайтай хоёр өрөө сууцыг долоо, 67.1 ам метр талбай бүхий гурван өрөөг 10 саяар өмчлүүлсэн ч хувьчилж авсан атлаа дарга нар нь мөнгөө нэхэл дагал болсны эцэст увуулж, цувуулж өгсөн талаар ч ярьдаг хүн цөөнгүй. Ийнхүү долоон саяар авсан байраа 70 саяар цааш нь худалдсан олон орон сууцтай хурандаа ч байгаа юм билээ. Энэ мэт шударга бус байдал, ирээдүй нь гэрэлгүй санагдсан учраас нэг хэсэг нь албанаасаа гарч байна.
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ШАЛГАРУУЛАЛТ Ч ЗАЛУУСЫН УРМЫГ ХУГАЛЖЭЭ
Батлан хамгаалах салбарт өнөөдөр ажиллаж буй залуус нүдэн дээр нь болж байгаа шударга бус явдалтай эвлэрэхийг хүсээгүй тул амьдралаа дээшлүүлэхээр халагдаж, хувийн секторт шилжих, БНСУ, Австрали, Япон зэрэг гадаад орон руу гарч ажиллахыг илүүд үздэг болсон. Нэн ялангуяа ҮБХИС-д бэлтгэх боломжгүй, гадаадад маш өндөр үнээр сургаж, бэлтгэсэн цэргийн эмч, цэргийн нисгэгч нараас цөөнгүй нь цэргийн албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. Сүүлийн жилүүдэд он тус бүрт 30-40 хүртэлх, зарим тохиолдолд үүнээс илүү тоогоор залуу офицер, ахлагч нар ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Цэргийн тоо нууцад хамаардаг учраас барагцаалж буйгаа ташрамд тодотгоё.
Ийнхүү тангараг өргөсөн албанаасаа халширч, олноороо гарч буй шалтгаан нь дээр өгүүлсэн орон сууц, нийгмийн асуудлаас гадна цэргийн цол олгох журам, энхийг сахиулах ажиллагааны сонгон шалгаруулалт ч нөлөөлсөн гэх. Танил тал, ар өврийн хаалга сайтай офицер, ахлагч нар энхийг дэмжих ажиллагаанд олон удаа явж чаддаг, “бор зүрхээрээ” ажиллаж буй нөгөө хэсэг нь нэг удаа тэнцэж явбал “дээдийн заяа” болдог талаар цэргийн алба хаагчид ярилцдаг. Цэргийн сургууль төгсөөд анги, салбарт хуваарилагдан нэг жил ажиллагаагүй бол энхийг дэмжих ажиллагаанд явуулдаггүй журам бий. Нэгээс дээш жил ажиллаж буй залуу офицер, ахлагч нар ийм ажиллагаанд явбал наанадаж цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэх, цаашлаад амьдрал ахуйдаа нэмэр болохуйц хэдэн төгрөгтэй болдог учраас НҮБ-ын далбаан дор харь оронд үүрэг гүйцэтгэх хүсэлт их гаргадаг юм. Харамсалтай нь, нэлээд хэсэг нь шударга бусаар хасагддаг учраас гомдолтой үлдэж, эцэстээ зэвсэгт хүчнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа юм билээ.
Түүнчлэн саяхан батлагдсан Цэргийн цол олгох журмын заалт ч залуу офицер, ахлагч нарын сэтгэл хоёрдоход нэрмээс болж буй бололтой. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан эл журмын 3.4-т “Дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэгээс доошгүй жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно”, 3.5 дахь хэсэгт “Офицер, ахлагч өөрийн эдэлж буй цолны ангилал, зэрэглэлээс нэг буюу түүнээс дээш ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон тохиолдолд цолны хоорондын хугацааны хоёрын нэг ба түүнээс дээш хувийг хангасан бол Цэргийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан албан тушаалтан энэ журмын 2.1, 2.2-т заасныг баримтлан дараагийн цэргийн цолыг олгож болно” гэж заасан нь зарим офицер, ахлагч нарын урмыг хугалжээ. Танил тал, ар өврийн хаалгаар БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудад ахлах офицерын албан тушаалд томилогдсон ахмад, хошууч цолтнууд хугацаанаас өмнө дараагийн цолоо авахаар хөөцөлдөж байгаа нь анги, салбарт ажилладаг жирийн офицер, ахлагч нарын сэтгэлийг эмзэглүүлэх болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Анги салбарт ажиллаж буй тэд цолны зэрэглэл ч, цалин ч бага албан тушаалд нэг газар тодорхой жил ажиллах хугацаа нь дууссан ч ахиж дэвшиж чадалгүй үүргээ гүйцэтгэсээр буй. Ийм тэгш бус байдалтай эвлэрч чадахгүй, дургүйцсэн залуу офицер, ахлагч нар ирээдүйгээ бодоод батлан хамгаалах, зэвсэгт хүчнээс халагдах хүсэлтээ өгч байна.
Өөрийн хүсэлтээр зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын мэргэжил сонгон эзэмшсэн залуус тэгш бус байдалтай эвлэрэхгүй ийнхүү нүүр буруулж, албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа явдалд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын тэргүүн нь дүгнэлт хийх ёстой.
Бэлтгэсэн: Г.Равжаа