Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газарт гарсан түймэр БНХАУ-ын хил давсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор түймрийг бүрэн унтрааж амжаагүй бөгөөд, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 128 км, өргөн 72 км, салхи баруун урд болон урдаасаа 13 м/с байна.
Харин энэ сарын 18-нд Хэнтий, Төв аймагт гарсан түймрийг өчигдөр бүрэн унтраасан байна. Харин Сүхбаатар аймгийн Дарьганга сумд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй гэнэ. Түймрийн урт 70 км орчим байна.
Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумд өчигдөр 10:45 цагийн үед хээрийн түймэр гарч, 6400 га талбай шатсан байна.