“Гидро бадс” ХХК, ХААИС-ийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Хөрсгүй тариалалтын сургалт, судалгааны төв байгуулжээ. Тэдний зорилго нь гидропоник систем буюу хөрсгүй орчинд ургамал тариалах технологийг Монголд түгээн, нутагшуулах, импортоос хараат байдлыг халах гэнэ. Тиймээс энэ чиглэлээр сургалт, судалгаа, туршилт хийж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Судлаачид “Гидропоник технологиор ургамал тарихад химийн бордоо ашигладаггүй, харин био задралын үр дүнд гаргаж авсан органик тэжээл болон олон төрлийн ашиг шимт уусмал хэрэглэдэг. Тухайн ургамлын онцлогт тохируулан бэлтгэсэн эрдэс, шим тэжээлт уусмалуудыг ашиглан усан орчинд тариалалт эрхлэх технологи дэлхий дахинд хурдацтай хөгжиж байна. Импортын хүнсний ногоо өргөнөөр хэрэглэдэг, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудалтай нүүр тулсан манай оронд энэ аргаар ургамал, ногоо тариалах нь хамгийн тохиромжтой” гэж онцоллоо.