Сүүлийн хоногт Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн нутагт гарсан түймрийг унтраахаар албаныхан болон иргэд ажилласаар байна. Тодруулбал,
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газарт өчигдөр 16:16 цагт хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэрт Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ.
Хэнтий аймгийн Батширээт сумд өчигдөр 13:11 цагийн үед ойн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:46 цагт цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумд 22:50 цагийн үед хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0184 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумд ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд цурамд оруулсан. Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.