Улаанбаатарын томоохон зах, худалдааны төвүүдийг хотын зах руу нүүлгэнэ гэж нийслэлийн удирдлагууд яриад хэдийн 15 жил өнгөрчээ. Харамсалтай нь өдий хүртэл нэг нь ч хотын захад гарсангүй, нийслэлийн Засаг дарга нарын шийдвэр ч ажил хэрэг болсонгүй. Харин “Захуудыг нүүлгэнэ. Хотын зах руу гаргана” гэх мэтээр хэлсэн амлалтууд нь л цаасан дээр үлджээ. Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын түвшинд үүний хүрээнд хэд хэдэн удаа шийдвэр гаргаж, зарим тохиолдолд хэрэгжүүлэх алхмууд хийсэн ч ахицтай байсангүй. Энэ хугацаанд хотын дарга долоон удаа солигдож, дунд нь түр орлон гүйцэтгэгчээр нэг хүн ажиллажээ. Дарга нар ийнхүү солигдон, халаагаа өгөх хооронд өмнө нь гаргасан шийдвэрийн залгамж халаа алдагдан, цаашлаад мартагдсаар өдий хүрсэн байна.
Хот тэлж хөгжих ёстой. Гэтэл Улаанбаатарын хувьд эсрэгээрээ. Төр, хувийн хэвшил гэлтгүй бүгд л хотын төвдөө бөөгнөрч, нягтаршил үүсгэн, улмаар авто замдаа багтаж ядан түгжирдэг болсон. Уг нь хотоо тэлж, дэд бүтцээ өргөжүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаа зах хэсэгтээ байгуулах ёстой байв. Гэсэн ч улаанбаатарчууд зах руугаа зүглэхийг ч хүссэнгүй. Зах, худалдааны төвийнхөн ч тэдний нэг. Захуудыг нүүлгэх санаачилгыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр 2007 онд анх гаргажээ. Тэрбээр 2005-2007 онд хотын захирагчаар ажилласан бөгөөд барилгын материалын болон автомашины захуудыг төвөөс алслагдсан газрууд руу шилжүүлэх санал гаргасан ч нийслэлийн ИТХ дэмжээгүй аж. Ингээд уг санаачилга “дарагдаж”, 2012 он хүртэл шийдвэр гаргах түвшинд дахин сөхөгдөөгүй. Энэ таван жилд нийслэлийн Засаг даргаар Т.Билэгт, Г.Мөнхбаяр нар ажиллажээ.
Харин 2012 онд Э.Бат-Үүл хотын захирагч болонгуутаа захуудыг нүүлгэх асуудлыг дахин хөндөв. Тухайн үед нийслэлийн замын түгжрэл ихээхэн бэрхшээл дагуулж байсан бөгөөд үүнийг шийдвэрлэх нэг арга нь томоохон захуудыг нүүлгэх гэж тэрбээр үзжээ. Хамгийн том гэдэг утгаар нь “Нарантуул”, “Да хүрээ”, Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэх талаар хөндсөн юм. Ингээд хамгийн түрүүнд автомашины захуудыг нүүлгэх шийдэлд хүрч, Авто худалдааны цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний хүрээнд хотын төвөөс алслагдсан бүсэд дэд бүтэц бий болгон, уг цогцолборыг байгуулсан. Гэсэн ч “Да хүрээ”, “Өгөөмөр” захынхан тийш нүүхийг хүссэнгүй. Хотын төвөөс хэтэрхий хол газарт байгуулсан захад худалдан авагчид очихгүй гэж авто худалдаа эрхлэгчид тухайн үед эсэргүүцэж байлаа. Асуудал ингээд дууссангүй. 2016 онд УИХ, орон нутгийн сонгууль болж, Э.Бат-Үүлийн халааг С.Батболд авч, нийслэлийн Засаг дарга болсноор Авто худалдааны цогцолборын “хувь заяа” хаашаа эргэх нь мэдэгдэхгүй, бараг хоёр жил орчмын хугацаанд орхигдсон. Гэсэн ч нэгэнт төсвөөс хөрөнгө гаргаад барьчихсан болохоор өнөөх цогцолборыг хаячихаж чадаагүй С.Батболд дарга “1000 машины зогсоол” захыг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн байдаг.
Дараагийн ээлжид нийслэлийн ИТХ-ын дарга байсан С.Амарсайхан Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэх санал гаргав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ч уг шийдвэрийг дэмжсэн байна. Үүнээс өмнө Зуун айл дахь захыг нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхан болон хотын удирдлагуудад иргэд олон жил санал, шаардлага тавьж байв. Энэ нь 2018 онд нийслэлийн ИТХ-ын шийдвэр гаргаснаар албажиж, дарга С.Амарсайхан “Зуун айлын захыг нүүлгэнэ. Нүүлгэх гэж байна. Нүүлгэж эхэллээ” гэх мэтээр нэг хэсэг байнга пиар хийсэн. Гэсэн ч өдгөө бодит байдалд тус зах нүүх нь битгий хэл улам л өргөжсөөр, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийнх нь тоо нэмэгдсээр буй нь олны нүднээ ил байна. Ийм маягаар үлгэн салган явж ирсэн захуудыг нүүлгэх шийдвэр Д.Сумъяабазар Засаг дарга болсноор бүр “унтарлаа”. Үндсэндээ захуудыг нүүлгэх шийдвэрүүд санаачилсан дарга нартайгаа хамт “алга болж”, өдгөө бүр сураг тасарчээ.
2007.08.20
Ц.БАТБАЯР (Нийслэлийн Засаг дарга):
-Ер нь хот дотор барилгын материал, түүхий эд, машины захыг байршуулах нь буруу. Орчин үеийн шаардлагад нийцүүлье, иргэдийнхээ эрхийг хамгаалъя гэвэл хотын зах руу нүүлгэхээс өөр аргагүй. Бид томоохон захуудыг нүүлгэх газрын байршлыг баруун талд 22-ын, зүүн тийш Баянзүрхийн товчооны цаана байлгахаар тогтоож байна.
(“Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас)
2012.08.08
Э.БАТ-ҮҮЛ (Нийслэлийн Засаг дарга):
-Захуудыг хотоос гаргах нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхгүй, хүндрэл учруулахгүй байх ёстой. Алсдаа хотоос гар-
гана. Зарчмын хувьд зах бол хотын захад байдаг. Хэдхэн жилийн өмнө Дэнжийн мянга хотын захад тооцогддог байсан. Одоо бол хотын төв болчихлоо.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2012.10.22
Нийслэлийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар “Нарантуул”, “Хархорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захыг хотын зах руу шилжүүлэх болон хотын төвд дахин зах ажиллуулах зөвшөөрөл олгохгүй байх тухай асуудлыг хөндлөө. Үүний тулд захуудад судалгаа хийх нь зүйтэй гэж нийслэлийн удирдлагууд үзжээ.
2013.10.11
Нийслэлийн Засаг дарга А/936 дугаар захирамж гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газрыг Авто худалдааны цогцолбор байгуулах зориулалтаар ашиглахаар болжээ. Тэнд автомашин, техникийн захуудыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм
2013.10.15
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай А/944 тоот захирамж гаргалаа. Уг захирамжаар зах, худалдааны төвүүдийн талаар судалж, шийдэл боловсруулах үүргийг холбогдох албаныханд өгчээ.
2014.03.21
Нийслэлийн ИТХ-аас 29 дүгээр тогтоол гаргаж, хотын төвийн бүс дэх авто захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэн, Авто худалдааны цогцолбор байгуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн уг тогтоолоор тухайн оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн эзэмшлийн зам, талбай, ил задгай газарт автомашин, сэлбэг хэрэгсэл худалдахыг хоригложээ.
2014.09 сар
Нийслэлийн ЗДТГ-аас “Да хүрээ” захын худалдаа эрхлэгчдэд “Ирэх сарын 1-нээс Авто худалдааны цогцолбор луу нүүнэ үү” гэсэн шаардах бичиг хүргүүлжээ.
2014.09.22
Д.БАТТУЛГА (Нийслэлийн ИТХ-ын дарга):
-Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг энэ жил хийнэ. Ирэх сарын 1 гэхэд хашаа, зам, талбай, авто зогсоолуудаа барьж дуусган, цогцолборын үйл ажиллагааг эхлүүлсэн байх ёстой.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2015.07.01
Авто техникийн захуудыг төвлөрүүлэх Авто худалдааны цогцолборыг энэ өдөр ашиглалтад оруулах хуваарьтай байв. Гэсэн хэдий ч ашиглалтад оруулж чадсангүй, аравдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа. Ийнхүү хойшлуулсан гол шалтгаан нь “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг захын түрээслэгчид уг шийдвэрийг дэмжээгүй, тус цогцолборт очихыг хүсээгүйтэй холбоотой.
2015.10.01
“Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрынхны судалгаагаар нийслэлийн 27 га газарт томоохон есөн зах, 34 цэгт автомашин, сэлбэг хэрэгсэл худалддаг гэсэн тооцоо гаргажээ. Тэдгээрээс томоохон есөн захад нь 7000 түрээслэгч үйл ажиллагаа явуулж, өдөрт 100 орчим машин зарж байжээ. Тэдгээр захаар өдөрт 8000-10 000 хүн үйлчлүүлдэг нь замын ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болдгийг албаныхан тодотгож байв.
2015.10.04
Авто худалдааны цогцолбор нээлтээ хийв. Гэсэн ч бусад авто захад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд тэнд очсонгүй. Өдий хүртэл “Да хүрээ”, “Өгөөмөр” зах хуучин буурин дээрээ ажилласаар байна. Түүнээс хойш долоон жил орчмын хугацаа өнгөрсөн ч цогцолборын үйл ажиллагаа жигдрээгүй. Уг нь эл цогцолборыг байгуулахад 20 тэрбум төгрөг зарцуулсан байдаг.
2017.10.20
Нийслэлийн Засаг дарга С.Батболд А/813 дугаар захирамж гаргаж, Баянгол дүүргийн IV хорооны нутагт төмөр замын буудал барих зориулалтаар 12 720 ам метр газар ашиглах эрхийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт олгожээ. Тус газарт “1000 машины зогсоол” нэртэй зах ажиллаж байсан юм. Уг захыг Авто худалдааны цогцолбор луу шилжүүлэхийн тулд газрынх нь зориулалтыг ийнхүү өөрчлөв.
2018.01.03
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, цагдаагийн байгууллагынхан хамтран “1000 машины зогсоол” захын газрыг албадан нүүлгэв. Худалдаа эрхлэгчдийн зарим нь “Да хүрээ”, нэг хэсэг нь Авто худалдааны цогцолборт очсон аж.
2018.01.24
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Тухайн үед нийслэлийн ИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллаж байсан.
2018.04.16
Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг эхний ээлжийн судалгаа, төлөвлөлтийнхөө дүнг олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн хэмжээний барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн 90 хувь нь тус захад төвлөрдөг аж. Хамгийн удаан нь 25 жил худалдаа эрхэлсэн дэлгүүр байжээ. Уг захад үйлчилгээ эрхлэгчдийн 800 нь хуулийн дагуу татвар төлдөг, бусад нь ямар нэгэн бүртгэлгүй гэнэ.
2018.06.13
С.АМАРСАЙХАН (Нийслэлийн ИТХ-ын дарга):
-Зуун айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.
(Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ажлын явцтай танилцах үеэр)
2019.02.27
Ч.ГАНТУЛГА (Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч):
-Зуун айлд төвлөрсөн барилгын материалын захыг гурван үе шаттай нүүлгэхээр болсон. Энд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн агуулах, үйлдвэрийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк руу шилжүүлэх юм. Нүүлгэх ажлыг 2018-2022 онд шат дараатай хэрэгжүүлнэ.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2019.08.07
С.АМАРСАЙХАН (Нийслэлийн Засаг дарга):
-Зуун айлын зам, дэд бүтцийг шинэчлээд, дахин төлөвлөлтийг эхлүүлэх боломж бүрдэж байгаа. Цааш нь нүүлгэн шилжүүлэх, хотын суурьшил, үйлдвэрлэлийн бүсийг ялгах ажлууд дэс дарааллаараа явагдах ёстой.
(Хэвлэлд өгсөн ярилцлагаас)
2021.03.17
Д.СУМЪЯАБАЗАР (Нийслэлийн Засаг дарга):
-Захуудыг хотоос гаргана гэхээр тэнд олон мянган хүний ажлын байр байгаа. Орлогоо тасалдуулахгүй аваад явж буй иргэдээ тийшээ нүү гэж болохгүй. Би бол ийм алхам хийхгүй. Нүүлгэнэ гээд ярихад бол амархан. Харин нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд заавал цаг хугацаа, судалгаа шаардлагатай.
(“Хотын дарга ба сэтгүүлчид” уулзалтын үеэр)
2022.02.25
С.БАТЖАРГАЛ (Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дарга):
-Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн 13 га талбайг Зуун айл дахь захын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд өгөхөөр болсон. Одоогоор паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байна.
(Зуун айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийн хуралдааны үеэр)
Бэлтгэсэн М.ОЧ