Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгаланг АТГ-т шалгуулах гомдол ирсний дагуу шалгаж эхэлжээ. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд өнгөрсөн баасан гарагт түүнээс болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхээс тайлбар, мэдүүлэг авахаар болсон хэмээн бичсэн ч албаны эх сурвалжууд үгүйсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, гомдол шалгаж байгаа ч хараахан тайлбар мэдүүлэг аваагүй гэсэн мэдээлэл өглөө. Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр А.Гансүхийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд газар эзэмших эрх шилжүүлж авсан асуудалд Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг буруутгаж байгаа. А.Гансүх хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газар эзэмшдэг “Нью даунтаун” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг М.Энх-Амгаланд санал болгож, улмаар төрсөн дүү М.Бат-Амгаланг нь тус аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн хэмээн зарим хэвлэлд бичсэн билээ. “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпорац, түүний охин компани болох “Эс си ти и си эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанийн зургийн инженер Гу Ду Хён нарын хамт Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх тэргүүтэй хүмүүсийг шалгасан байдаг. Улмаар 201201000154 дугаартай эрүүгийн хэргээс А.Гансүх нарт холбогдох үйлдлийг тусгаарлан хэрэгсэхгүй болгож, зөвхөн Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэн, цагдан хоригдсон 515 хоногийг уг ялд дүйцүүлэн тооцож, 32 сая 275 мянган төгрөгөөр торгосон билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа