Зургаан шүүгчид холбогдох сахилгын хэргийг шийдсэнгүй
Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулах гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан өнгөрсөн оны зургадугаар сард Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан. Уг сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүд өчигдөр 14.00 цагт хэлэлцэхээр товлосон боловч бас л хойшлууллаа. Тус хорооны хуралд оролцох нэг гишүүнд хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас уг асуудлыг энэ сарын 26-ны 13.30 цагт хэлэлцэхээр болсон байна.
Дээрх хоёр ТББ-ынхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг ёс зүйгээ зөрчсөн хэмээн гомдол гаргаснаар сахилгын хэрэг нээгээд буй билээ. Тэднийг өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт “Энканто” хотхонд 2020 оны арванхоёрдугаар сард архидан согтуурсан хэмээн гомдол мэдүүлсэн байдаг. Шүүхийн сахилгын хорооныхон тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр өмнө нь нэг бус удаа хурал зарласан ч шүүгч нар эрүүл мэндийн шалтгаантай, сахилгын хэргийг хэлэлцэх бүрэлдэхүүнээс татгалзсан зэрэг шалтгаанаар хойшлуулсаар байсан юм.
Ташрамд дурдахад, Б.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан хорьсон билээ. Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг саатуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Баасанцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэх хурал болж, яллагдагчаар тооцон 30 хоног хорих захирамж шүүгч нь гаргасан гэнэ. Гэвч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн өмгөөлөгч нар нь ерөнхий шүүгчид нь гомдол гаргаад байна.
Бэлтгэсэн Г.Равжаа