БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, түүний найз Б.Хангай, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн асан С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав, “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр, иргэн П.Дэлгэрмөрөн, Г.Пүрэвбаяр, С.Зоригтбаатар, “Цагаанбиндэръяа” компанийн захирал Д.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны хооронд хэлэлцэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нар хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаснаар завсарлаж, өчигдөр 08.30 цагт хурлыг үргэлжлүүлэн хийв. Шүүхээс хахууль зуучилсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн Б.Хангайд нэг сая 920 мянга, П.Бүнчинжавт тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурваж жил хасаж 9.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Мөн А.Цолмонг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж 20 сая, С.Зоригтбаатарыг хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэн, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
БОАЖЯ-ны газрын дарга асан Д.Даваасамбыг хахууль өгөхийг шаардаж авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хязгаарлан, гурван жил, С.Баярхүүг мөн үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих ял шийтгэсэн байна.
Шүүгдэгч П.Дэлгэрмөрөн, Ц.Анхбаяр, Г.Пүрэвбаяр нарыг бүлэглэн бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан, хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнээд хоёр жил зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноожээ. Харин Д.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хахууль өгсөн хүмүүс Сибирийн хуш модны самрын идээ буюу чөмөг 30 тонн, яс 600 тн-ыг экспортлох зөвшөөрөл гаргуулахын тулд БОАЖЯ-ны албан тушаалтнуудад эгч, найз, танилаар нь дамжуулж, 20-150 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. Мөн БНХАУ-ын иргэн Чен Бин Монголоос самар худалдан авахаар шилжүүлсэн нэг тэрбум төгрөг болон нэр бүхий иргэдээс Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулна, виз гаргана, тендерт шалгаруулж өгнө гэх мэтээр иргэдийг залилсан тухай бид 2021 оны есдүгээр сарын 8-нд уншигчдадаа хүргэсэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа