Засгийн газар аялал жуулчлалыг сэргээх зорилгоор таван арга хэмжээ хэрэгжүүлэх болсон талаар БОАЖЯ-наас танилцууллаа. Үүнд, салбарын бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор арван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, цар тахлын цаг үед нийгмийн даатгалын шимтгэлд болон газрын төлбөрт хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлөх хугацааг хойшлуулах, агаарын тээврийг либералчлах ажлыг эрчимжүүлэх, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын аялал жуулчлалыг дэмжих зэрэг багтжээ. Тэрчлэн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус салбарын хууль тогтоомжийг шинэчлэх болсонтой холбогдуулан БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг байгууллагынхан бизнес эрхлэгчид, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг сүүлийн саруудад хэдэнтээ зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх саналыг хэлэлцүүлэгт оролцогчид дэвшүүлсэн бөгөөд Засгийн газрын гишүүд дэмжсэнээр ажил хэрэг болгох боломж бүрджээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл