“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад буй. Гэхдээ яллагдагчид урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Цагдан хорих хугацаа нь өчигдөр дууссантай холбоотойгоор өмгөөлөгч нар нь түүнийг батлан даалтад гаргах, прокурорын байгууллага таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх хүсэлт шүүхэд хүргүүлснийг хэлэлцээд дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргалаа.
Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан нөхцөл байдал тогтоогдсон гэж тагнуулын байгууллагаас тухайн үед албан ёсоор мэдээлсэн. Тагнуулын байгууллагынхан удаан хугацааны турш гүйцэтгэх ажиллагаа явуулснаар түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсныг тогтоож, улмаар нэгжлэгийн явцад эд мөрийн баримтаар багагүй хэмжээний валют хураасан хэмээн мэдээлж байгаа. НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Харин шүүхээс хэргийг буцаахдаа гуравдагч орноос тагнуулын байгууллагын ажилтан хэмээн манай улсад мэдэгдсэн албан бичгийн эх хувийг ГХЯ-аар дамжуулан авч, хэрэгт нотлох баримт болгож хавсаргах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Ч.Мөнхбаяртай хамтран ажиллаж байсан гадаадын иргэн нь гуравдагч орны ЭСЯ-нд ажилладаг, тухайн улсын тагнуулын байгууллагын офицер бөгөөд эх орноос нь манай улсад атташегаар илгээхдээ ГХЯ-аараа дамжуулж, тэр хүний мэдээллийг өгсөн байдаг. Аль ч орны тусгай албаны ажилтан ЭСЯ-ндаа атташе, нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд томилогдон үүрэг гүйцэтгэдэг дипломат ёс жаяг дэлхий дахинд бий.
Бэлтгэсэн Г.Равжаа