ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр хийж, хамаг ажил нь жин тан болсон гэх дүүжин тээврийн төсөл гэнэт л “алга болчихсон”. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр бол дүүжин зам тавихаар төлөвлөсөн бүсэд оршин суудаг иргэд газраа чөлөөлөхгүй, тохиролцохгүй хэмээн гэдийснээс төсөл гацжээ. 2010-аад оноос хойш яригдсан, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсон цагаас ажлыг нь урагшлуулахаар зүтгүүлж байгаа Шинэ Зуунмод (хуучнаар Аэросити) хот байгуулах төсөл мөн л ийм бэрхшээлтэй нүүр тулаад буй.
Хот байгуулах, бүтээн байгуулалт хийх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт ил, далд олон эзэн бий тул газар чөлөөлөх ажил нь тэр хэрээр урагшгүй, удаашралтай, хэрүүл, тэмцэл дагуулсаар байна. Төр, иргэн хоёр “хэлэлцээрийн ширээний ард” сууж, ойлголцож чадаагүйгээс үүдэн гацсан, замхарсан, зогссон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр үүгээр дуусахгүй. Гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд төвүүд байгуулах, томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлууд ч ийм бэрхшээлд олон жил бүдэчсэн. Тэгвэл яг үүнтэй ижил шалтгааны улмаас бас нэг томоохон төсөл гараандаа гацаж магадгүй нөхцөл үүсжээ.
Баруун аймгийнхныг импортын эх үүсвэрээс ангижруулж, ногоон эрчим хүчээр 100 хувь хангах зорилготой Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах ажил олон жил яригдсан ч гарааны зурвастаа хүрч чадалгүй дуншсаар 2021 онтой золгосон. Харин цахилгаан станцын барилга угсралтыг БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр болж, тус улсдаа энэ чиглэлээр туршлагатайд тооцогдох “Пауэр чайна” компанитай Эрчим хүчний яам өнгөрсөн жилийн намар гэрээ байгуулснаар төслийн ажил нэг шат ахисан юм. Гэрээнд тусгаснаар бол барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, 61 сарын хугацаанд үргэлжлэх ёстой байв. Харамсалтай нь, одоогоор усан цахилгаан станцын үндсэн барилга, байгууламж барих газарт ганц ширхэг ч тоосго тавиагүй байна. Ажил хугацаандаа эхлээгүй шалтгааныг ЭХЯ-ныхан санхүүжилт шийдэгдээгүйтэй холбоотой гэсэн бол БОАЖЯ-ны эх сурвалж “газрын асуудлаас үүдэлтэй” гэж дүгнэв. Усан цахилгаан станц барихыг эсэргүүцсэн орон нутгийн иргэд бослого, хөдөлгөөн өрнүүлэхдээ тулсан гэнэ. Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын тэргүү лэгчид энэхүү бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн тогтоол гаргаж, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-нд хүртэл хандсан байна. Үүнээс улбаалаад Засгийн газрын тэргүүн ойрын хугацаанд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллахаар төлөвлөж буй гэх.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Шижигтийн хавцалд буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрийг хамруулсан 111.2 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Барилга, байгууламж барихаар товлосон тус газарт одоогоор ямар нэг өрх, аж ахуйн нэгж байхгүй ч усан сан бүрэлдэх талбайд 270 гаруй айл бий. Тодруулбал, цахилгаан станц ашиглалтад орсноор 9871 га талбай усанд автах тооцоог мэргэжлийн байгууллагынхан гаргасан. Энэ хэсэгт Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увсын Өмнөговь сумын нийт 270 гаруй өрхийн 1251 иргэн яг одоо амьдарч байгаа. Эдгээр айлыг нүүлгэн шилжүүлэхгүй л бол хэчнээн өндөр хүчин чадалтай, супер байгууламж бариад нэмэргүй гэсэн үг. Тиймээс Засгийн газар тухайн хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж, газар чөлөөлөх ажлыг холбогдох хууль, журмын дагуу богино хугацаанд хийхээр төлөвлөсөн. Энэ жил нийт өрхийн гуравны нэгийг, 2023, 2024 онд үлдсэнийг нь нүүлгэн шилжүүлэхээр зорилт дэвшүүлээд байв. Харамсалтай нь, энэ ажил нөхөн төлбөрийн асуудлаас үүдээд төлөвлөгөө ёсоор болохоос өнгөрлөө.
Тус төслийн Байгаль орчин, нөлөөллийн нийгмийн үнэлгээг мэргэжлийн хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Тэд Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журмыг үндэслэн тооцоо, судалгаа хийгээд, тэнд нутагладаг айлуудад 9.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс олгох шаардлагатай гэж үнэлжээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд зөвхөн биет хөрөнгийн үнэлгээгээр нөхөн олговор олгоно. 270 гаруй өрхөөс 100-гаад нь энэ шаардлагыг хангаж байгаа. Тэдэнд 270 мянгаас 100 сая төгрөг олгох тооцоо гаргасан. Нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа” хэмээн өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм.
Газрын тухай хуулийн 18.1.3-т “Улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн төлбөр олгоно” гэсэн байдаг. Тэрчлэн холбогдох журмын 4.4.2-т “Өмчлөлийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тохиолдолд Иргэнд өмчлүүлэх газрын аргачлалын дагуу тогтоосон үнийг газрын биржийн зах зээлийн үнэтэй харьцуулан дунджаар тогтооно”, 4.4.3-т “Иргэний өмчлөлийн газар дээр байгаа барилга, байгууламж буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг улсын бүртгэлд заасан болон данс бүртгэлийн, эсхүл даатгалын үнийн аль нэгийг үндэслэн тогтооно” хэмээн заасан. Тэгвэл эдгээрийг үндэслэн 9.2 тэрбум гэсэн тоо гаргаж иржээ. Тодруулбал, энэ нь газар өмчлөлийн гэрчилгээтэй, хашаа, байшин зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй айлуудад л улсын төсвөөс олгох нөхөн төлбөрийн хэмжээ юм.
Баяннуур сумын айлуудад дунджаар 30-100 сая төгрөг ногдож буй бол Өмнөговийнхонд 3-36 саяыг олгохоор байгаа гэнэ. Энэ нь тус хоёр сумынхны амьдралын хэв маяг ялгаатайгаас улбаатай аж. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт оршин суудаг Баяннуур сумын малчид гэхэд тухайн бүс нутагтаа суурин амьдардаг учраас ихэнх нь хашаа, байшин, худагтай гэнэ. Харин Өмнөговь сумын Улиаст багийнхны хувьд ийм биет хөрөнгөгүй, дийлэнх малчдын адил нэг газраас нөгөөд нүүдэллэх маягтай аж төрдөг байна. Тиймээс хөрөнгийн үнэлгээ нь харилцан адилгүй гарчээ. Энэ бүхэн малчдын эсэргүүцлийг өдөөх гол шалтгаан болжээ. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны багийн ахлагч Ц.Сосорбарам “Нөлөөлөлд өртөж байгаа 270 өрхийн тэргүүнтэй нэгбүрчлэн уулзаж, харилцан тохиролцсон. Эхэндээ бүгд дэмжиж байснаа гэнэт эсэргүүцэх болсон” хэмээн ярьсан нь ч үүнийг баталж байна. Шалтгаан нь нөхөн төлбөр буюу мөнгө.
“Байгаль дэлхийтэйгээ дасан зохицож хэдэн үеэрээ амьдарч ирсэн малчдыг нутаг заах гэлээ”, “Төр нь иргэдээ хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр нь ялгаварлалаа”, “Ховд голын экосистем доройтож, түүх, соёлын дурсгалууд устах нь”, “Гол усаа дагаж амьдардаг малчдын ахуй амьжиргаанд ноцтой хохирол учрах нь” гэсэн гомдлын үгийг малчдын зүгээс Засгийн газарт дайсаар байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар хөрөнгийн үнэлгээг эргэж харах, нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч буй гэх. Энэ чиглэлээр тодорхой шийдвэрүүд гаргахаар санал нэгдсэнийг ЭХЯ-ны харьяа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийн мэргэжилтэн П.Бямбацэрэн өчигдөр дуулгалаа. Тэрбээр “Нөлөөллийн бүс дэх айлуудад 9.2 тэрбум төгрөг олгохоос гадна хүн тус бүрт 15.1 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн төлбөр өгөхөөр болсон. 270 өрхийн 1200 гаруй хүнд олгоно гэсэн үг. Энэ шийдвэр өнөө, маргаашгүй албажих байх” гэж ярилаа. Үүнийг ямар үндэслэлээр олгох болсныг түүнээс тодруулахад “Биет бус хохирлын төл бөр. Нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, олгох болсон. Нийт 18.9 тэрбум төгрөг болно. Одоогийн хуульд ийм зохицуулалт байхгүй. Гэхдээ энэ шийдвэртэй холбоотойгоор хуульд өөрчлөлт оруулна” гэж тайлбарласан юм. Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр ХЗДХЯ-ныхан хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн мэдээлэл саяхнаас дуулдаж эхэлсэн. Тэгэхээр эл шийдвэр үндэслэлтэй болж таарах нь. Хэрэв Засгийн газар нөхөн төлбөр олгох шийдвэрээ албан ёсоор баталгаажуулбал дээрх хоёр сумын иргэдэд төр нийт 28.1 тэрбум төгрөгийн “хишиг хүртээх нь”. Тодруулбал, биет хөрөнгийн үнэлгээгээр 9.2, биет бус хохирлын төлбөрт 18.9 тэрбумыг өгнө. Үүнийг малчдад бүрэн өгч байж л төслөө урагшлуулна гэсэн үг. Нэг ёсондоо барьцаа болно.
Ийм хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс шууд шийдэж, нэг доор олгох боломж хомс. Тэгэхээр Засгийн газар эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг өнөөх л нийтлэг зарчмаараа жил бүр бага, багаар төсөвлөсөөр үүний ард гарч магадгүй юм. Энэ тохиолдолд газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажил хоёр, гурван жилээр тогтохгүй урт хугацаагаар сунжирч болзошгүй. Бүс нутгийн нийгэм, эдийн засагт онцгой нөлөөтэйг нь бодолцон шаардлагатай санхүүжилтийг нь “ногоон гэрэл”-ээр шийдэж чадсан тохиолдолд малчдын сүүлч нь 2024 он гэхэд нөхөн төлбөрөө авна. Төслийн ажил төлөвлөгөө ёсоор болбол шүү дээ. Түүнчлэн биет бус хохиролд нөхөн төлбөр тооцох эрх зүйн орчин бүрдвэл олон төсөл, хөтөлбөр газар чөлөөлөлтийн дөнгөнөөс мултарч магадгүй. Нөгөө талдаа ашиг хонжоо хайсан шуналтнуудын арга ажиллагаа улам нарийсахыг үгүйсгэхгүй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан сан бүрэлдэх талбайд амьдарч байгаа иргэдэд нөхөн төлбөр олгох сургаар Баяннуур, Өмнөговь сумд “явуулын хүн” олширсон гэх мэдээ лэл бий. Өөр аймаг, сумаас малчид олноор ирж, төвхнөсөн гэх. Баяннуур сумын Засаг даргаас энэ талаар тодруулахаар холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий “Тухайн бүсэд манай сумын 125 айл бий. Гэрчилгээтэй нь ч бий, гэрчилгээгүй нь байгаа. Өөр газраас малчид ирсэн, эсэхийг мэдэхгүй. Тэндхийн иргэд ямар ч дарга, сайд очсон хүлээж авдаггүй. Чулуудаад хөөх нь холгүй байдаг. Тийшээ зүглэнэ гэхээс хүртэл айж байна. Малчид хандив босгоод, дундын дансандаа төвлөрүүлчихсэн, нутгаа хамгаалах зөвлөл, иргэдийн хөдөлгөөн байгуулчихсан, хуульч, өмгөөлөгч хөлсөлчихсөн жигтэйхэн байдаг юм билээ. Тэд энэ ажлыг эсэргүүцээд байгаа шалтгаан нь үнэлгээг буруу хийснээс үүдэлтэй. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсэн хоёр компанийнхан өрх бүрийн төлөөлөлтэй уулзсан гэж ярьж, мэдээлж байгаа нь ор үндэсгүй. Хэдхэн хүнтэй уулзсан гэсэн” хэмээн ярилаа. Нөхөн төлбөрийн талаар ямар мэдээлэлтэй байгааг нь асуухад “Биет хөрөнгийн үнэлгээний дүн, нөхөн төлбөрийн хэмжээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлантай холбоотой мэдээллийг албан ёсоор ирүүлээгүй. Тодорхой зүйл юу ч алга. Хоёр сумд хөрөнгийн үнэлгээг харилцан адилгүй хийсэн гэдэг мэдээлэл л байна. 15.1 сая төгрөг олгох талаар бол сонсоогүй” гэлээ.
Газрыг тусгай хэрэгцээнд авснаас хойш тухайн бүсэд ирж суурьшсан, барилга, байгууламж барьсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байх журамтай. Баяннуур, Өмнөговь сум дахь нөлөөллийн бүсэд мөнгөний сургаар шилжин суурьшсан хүмүүст энэ журмын дагуу олгохгүй, асуудлыг хууль ёсны дагуу шийднэ гэдгийг ЭХЯ-ныхан хэллээ. Тэгэхээр олон нийтийн дунд үүсээд буй, хаа хамаагүй хүмүүс нөхөн төлбөр авах гэж байна хэмээх хардлага биелэх боломжгүй аж. Гагцхүү биет хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нутаг усаараа нэг шуугиан дэгдээгээд байгаа малчид хүн тус бүрт 15.1 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох зохицуулалтыг хэр шударга шийдвэр гэж хүлээж авах нь эрхгүй сонирхол татаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл цаашид хэр дардан замаар урагшлах нь үүнээс ихээхэн хамаарна.