“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын 21-нээс хойш шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ. Гуравдугаар сарын сүүлчээр Э.Номинчулуунд холбогдох хэргийг прокурорын байгууллагаар харьяалал тогтоолгохоор хууль сахиулагчид хандсан бөгөөд АТГ-т өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг. “Тавинлан” ХХК нь 2019 онд “Багануур” ХК-иас 6.2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй, “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбумаар гүйцэтгэх санал гаргаж, шалгарсан юм.
“Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж эхэлсэн билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа