Жил бүрийн хаврын улиралд шар усны үер, булаг шандны усны халиа тошин урсаж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллын айл өрхүүд хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй эрт дулаарч, цас бага унасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хорооны зарим бүсэд эрсдэлт байдал үүсээд байна. Тиймээс Геодез, усны барилга, байгууламжийн газрын хамт олон халиа тошингоос үүссэн их хэмжээний цас, мөсийг арилгах ажлыг эрчимтэй хийж буй аж. Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд хөрсний ус нэвчиж, халиа тошин үүсээд байна. Нийтдээ 8820 шоо метр сувгийг механик аргаар, 1700 гаруй шоо метр сувгийг гар аргаар татаж, далан босгожээ. Далангаас илүү гарсан мөсийг зөөж тээвэрлэсэн. 950 шоо метр хайлуулагч бодис, давсыг гаргалгаа болон ил сувгуудад цацсан байна.
Геодез, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан “Шар усны үер бол хаврын улиралд тохиодог. Булаг, шанд орчимд айлууд зөвшөөрөлгүй бууснаас болж өвлийн улиралд булгийн ус жигд урсаж чадахгүй хахаа, бөглөрөл үүсгэн, халиа тошин бий болж, ойролцоо нь байрладаг айл өрхүүд ус, цасанд автдаг. Энэ жилийн хувьд Толгойт гол дагуу оршдог Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хороонд суваг татах ажлыг хийж байна. Сонгинохайрхан дүүрэгт шар усны үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй, хамгаалалтын зурваст буусан нийт 2316 өрх бий. Тэдний 544 нь ямар ч гэрчилгээ, зөвшөөрөлгүйгээр буусан байгаа юм. Эдгээр айл маш эрсдэлтэй бүсэд аж төрж буй. Уг хэсэгт үерийн хамгаалалтын барилга, байгууламж байхгүй, байгалийн жалга судгаар ус урсдаг. Тиймээс дүүргийн Онцгой байдлын албаныхан болон Тохижилтын хэлтсийнхэн хариуцан ажилладаг. Тус газрууд хүн хүч, машин механизмын дутагдалтай байдлаас болж манай байгууллагад хүсэлт гарган, мэргэжил, арга зүйн тусламж авч ажиллаж байгаа. Энэ жил л гэхэд тус газарт 3-4 удаа ажиллалаа” гэсэн юм.
Гүн бохирдолтой 50 мянган жорлонг ашигтай бактериар халдваргүйжүүлнэ
Шар усны үер, халиа тошин гэлтгүй зуны хур борооны улиралд зуслангийн айл өрхүүдийн бохир болон жорлон хөрсний бохирдол үүсгэх нь бий. Үерийн хамгаалалтын барилга байгууламжаар дамжсан нь голууд руу урсдаг. Хотын төвөөр ч бохир ус урсах аюултай. Тиймээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Судалгаагаар гэр хороололд 145 900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянгад нь эхний ээлжид ашигтай бактери хийж, халдваргүйжүүлэхээр төлөвлөжээ. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэх юм.