Байгууллагад нь ус хэрэг болоход, эсвэл ус гадагшлуулах шаардлага гарахад төмөр хоолойг явган хүний зам дээгүүр хөндлөн татах шийдвэр гаргаад, ажилчид дайчлан хийлгэж суудаг нь “Камдер” ХХК-ийнхан юм санж. Харсан хүн бүрийн нүд орой дээрээ гарах шахан зургийг нь авч, нэгээс нөгөөд дамжуулсан мэдээллийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан авснаар хоолой татах ажлыг өчигдөр үдээс өмнө зогсоов. Улмаар “Камдер” ХХК-ийнхан татаж, авчирсан болгоноо хурааж, хогийг нь цэвэрлэсэн ч хашаа цоолсон ором нь үлдсэн. Үүний талаар нийгмийн сүлжээнд янз бүрээр бичив. Нэгэн бүсгүй “Дэлхийд хаана ч, хэзээ ч, хэн ч бодож сэтгэн, хийж чадахгүй “шилдэг бүтээн байгуулалт”. Ерөөсөө жилд нэг удаа иймэрхүү ажлуудаас шалгаруулж “Оны тэргүүн”-ээр өргөмжилж байх юм уу” гэж егөөдсөн.
“Камдер” ХХК нь 2007 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, салбартаа танигдсан байгууллага аж. Олон ч барилга барьж, төсөл хэрэгжүүлсний нэг нь “Дошин” болон “Зун шин” ХХК-иар гүйцэтгүүлсэн “Энканто таун” юм байна. Томоохонд тооцогдох компанийнхан иймэрхүүгээр аашилж байхад бусад нь яах болж байна гэсэн сэтгэгдэл аргагүй төрж байлаа.
Нийслэлд явган хүнийг зорчигч хэмээн үздэггүй, тооцдоггүй, дүрэм, журамд захирагддаггүй байгууллага, хүн олон байх юм. Өдгөө хотын төвд “Метромолл” их дэлгүүрийн өмнө барилга нурааж, шинээр босгохоор завдаж буй нэгэн компанийнхан бас л явган зорчигчдыг гишгэх газаргүй болгожээ. Журмаар бол тэд явган хүний замыг булаах ёсгүй. Мөн явган хүний зам дээр машинаа хээвнэг тавьчихдаг нүдэн балай, чихэн дүлий нөхөд байсаар. Нийслэл дагаж мөрдөх шинэ хууль, хотод амьдрах стандарттай болсон. Тэдгээрт нь энэ мэтийн зөрчил гаргагсдад авах арга хэмжээг зааж өгсөн үү. Нийслэлийн удирдлага юу хэлэх вэ.
Бэлтгэсэн Р.Жаргал