Монголын оюутны спортын V их наадамд 27 их, дээд сургуулийн 1500 гаруй тамирчин өрсөлдөж байна. Энэ удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон гандболын төрөлд 13 багийн тамирчид ур чадвараа сорилоо. Тус тэмцээнд оролцсон эмэгтэйчүүдийн багаас Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багийнхан тэргүүлж, “Мон-Алтиус”, МУИС-ийнхан удаалав. Эрэгтэйчүүдээс ШУТИС-ийнхан аваргаар шалгарч, ҮБТДС II, МУИС-ийн баг III байр эзэлсэн. Байгууллагын нэгдсэн дүнгээр Г.Амарсанаа дасгалжуулагчтай “Мон-Алтиус” дээд сургуулийн гандболчид бусдыгаа хошуучилсан бол Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС, Д.Шүрэнцэцэг дасгалжуулагчтай ҮБТДС-ийнхан аман хүзүүдлээ. Тус наадам энэ сарын 13-14- нд жүдо бөхийн барилдаанаар үргэлжилнэ. Ташрамд дурдахад, БНХАУ-ын Чендү хотод ирэх зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 7 хүртэл Дэлхийн оюутны спортын XXXI наадам болно. Үүнд Монголын оюутны спортын V наадмын жүдо, сагсан бөмбөг, таеквондо, ширээний теннисний тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
Бэлтгэсэн: Э.ХАРЦАГА