Олон улсын сагсан бөмбөг холбооноос сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ирэх зургадугаар сарын 21-26-нд Бельги улсын Антверпен хотод зохион байгуулна. Манай улсын эмэгтэй, эрэгтэйчүүдийн шигшээ баг үүнд оролцохоор шалгараад буй билээ. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос ДАШТ-ий хэсгийн оноолтыг гаргасан байна. Манай эмэгтэйчүүд С хэсэгт Польш, Египет, Доминикан, Бельги улсын шигшээ багийнхантай тоглохоор таарсан байна. Эрэгтэйчүүдийн тухайд В хэсэгт Литва, ХБНГУ, Тайвань, Чилийн багтай өрсөлдөх нь.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, тоглолтын дүрэмд өөрчлөлтүүд оруулжээ. Тухайлбал, спортын бус алдаанд шар, улаан хуудас өгдөг болно. Таван тоглогч алдаа гаргаж, нэг нь талбайгаас чөлөөлөгдөхөд өөр тамирчин оронд нь тоглуулахгүй. Тэмцээнийг багийнх нь дөрвөн тамирчин үргэлжлүүлэх гэнэ. Тамирчид өмсгөл дээрээ инстаграмын нэрээ бичнэ. Үндсэн цагт тэнцвэл нэмэлт цаг байхгүй. Баг бүр нэг тоглогчоо сонгож, H-O-R-S-E буюу бидний мэддэгээр илжигдэх тэмцээнд оролцуулан, ялсан нь хожно. Гоол ороход сүүлчийн дамжуулалт өгсний өмнөх тоглогчид оновчтой дамжуулалтын 0.5 оноо олгох аж.
Ташрамд дурдахад, сагсан бөмбөгийн дэлхийн “Их дуулга”-д оролцох эрх олгох тэмцээнүүдийн жагсаалтыг Монголын сагсан бөмбөгийн холбооноос гаргажээ. Филиппин улсын Манила хотод болох “Их дуулга”-ын хоёр эрх олгох “Super quest Ulaanbaatar” тэмцээн ирэх сарын 7-8-нд болно. Чехийн Прагад болох “Их дуулга”-ын эрх олгох “FIBA 3x3 Ulaanbaatar challenger” тэмцээнийг ирэх сарын 21-22-нд зохион байгуулах аж. Мөн Канадын Монтреалын “Их дуулга”-д оролцох багийг ирэх наймдугаар сарын 6-7-нд “Energy Sukhbaatar chal¬lenger” тэмцээнээс тодруулах нь.