Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Д.Сүндий нь эхнэрээ зодсон үйлдлээ нуухын тулд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн ахмад Г.Даваажав болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайхан нарт Д.Баттөгсөөр дамжуулан авлига өгсөн хэрэгт нэр холбогдсон билээ.