Оросын Аюулаас хамгаалах алба цагдаагийн болон тусгай албаны байранд дэлбэрэлт хийхээр бэлтгэсэн хэмээн гурван сурагчид Красноярскийн хязгаарын шүүх ял оноов. Хүүхдүүд цахимаар харилцан төлөвлөгөөгөө ярилцаж байсныг нь илрүүлжээ. Шүүхийн шийдвэрээр 16 настай Никита Уваровт таван жил хорих ял оноож, 30 мянган рублиэр торгох боллоо. Мөрдөн шалгах ажиллагаанд тусалсныг нь харгалзан хоёр хүүхдийг алан хядах ажиллагаанд бэлтгэсний төлөө оноох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн ч тэсрэх бодис худалдсан гэж үзэж 3-4 жил тэнсэн харгалзах болжээ. Улсын яллагч буруугаа хүлээсэн хоёрыг нь зургаан жил таван сар колонид хүмүүжүүлж, бүх ажиллагааны явцад өөрийгөө буруутай гэж үзээгүй Уваровт есөн жил хорих ял өгөхөөр төлөвлөж байжээ. Гурвууланг нь 50 мянган рублиэр торгохыг санал болгосон байв. Үл мэдэх хүмүүс Москвагийн ойролцоо байх “Нэгдмэл Орос” намын байрны цонхыг хагалсны дараа тэсрэх бодис бэлтгэсэн гэж сэжиглэгдэн баривчлагдсан Москвагийн их сургуулийн аспирант Азат Мифтаховыг дэмжсэн хуудас хүүхдүүд 2020 оны зун Холбооны аюулаас хамгаалах албаны байшин дээр наасан юмсанж. Хожим нь Мифтаховыг “Танхайрсан” гэж яллан жирийн дэглэмтэй хорих ангид зургаан жил ял эдлүүлж шийтгэсэн аж.
Хуудас наасны маргааш нь л Аюулаас хамгаалах албаны ажилтнууд сурагчдыг саатуулж хэсэг ярилцаж, утсыг нь хурааж аваад явуулсан байна. Сурагчид юу хийхээр завдаж байсныг утаснуудыг нь “ухаж” байж мэдэж аваад тэднийг байцааж эхлэв. Тэгээд дэлбэрэх төхөөрөмж бэлтгэсэн, хориотой ном уншсан гэж буруутгалаа. Мөрдөн шалгалтын явцад сурагчид алан хядах ажиллагаанд 2019 оны аравдугаар сараас идэвхтэй бэлтгэж, цагдаагийн болон Аюулаас хамгаалах албаны байрыг дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Тэд бас хэт даварсан агуулгатай хориотой ном, зохиол уншиж, тэсрэх дэлбэрэх төхөөрөмж бэлтгэх заавар бүхий видео үздэг байж. Мөрдөн байцаагчдын үзсэнээр хүүхдүүд тэсрэх бөмбөг дөрвийг бэлтгэсэн гэнэ. Мөн ашиглагдахаа байсан байшинд байнга бэлтгэл хийдэг байв. Эдний хэргийг сүүлд нь Эрүүгийн хуулийн нэлээд хүнд зүйл анги болох “Алан хядах бүлэглэл байгуулж, үйл ажиллагаанд нь оролцсон” гэсэн заалтад хамааруулснаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж өөрчилж, “Тэсрэх төхөөрөмж бэлтгэж, хадгалсан” гэх заалтаар ял төлөвлөжээ. Орост үйл ажиллагааг нь хориглосон “Сүлжээ” гэх байгууллагын гишүүд, Хабаровск, Архангельскэд алан хядах үйлдэл хийсэн хүмүүсээс жишээ авч, урам орж байсан гэж тусгай албад дүгнэв.
Хэргээ бүрэн хүлээвэл ажил хэрэг аятайхан төгсөнө гэж мөрдөн байцаагчид амласан аж. Хүүхдүүдийн хоёр нь буруугаа хүлээж, тэднийг дарамталж, айлган сүрдүүлж байсныг хэлжээ. Тиймээс тэр хоёрыг гэрийн хорионд байлгаж, Уваровыг нь хорихоор болжээ. Хууль сахиулах байгууллагынхан зохиомол хэрэг бий болгохыг эрмэлзэж, хүүхдүүд нь дарамт шахалтаас болж хэрэг хийсэн мэтээр хүлээн зөвшөөрсөн гэж хүүхдүүдийн эцэг, эх үзэж байлаа. Хэргээ хүлээсэн хүүхдүүд хожим нь уг мэдүүлгээс татгалзсан аж. Мөрдөн шалгах ажил 2021 оны тавдугаар сард дуусаж, Дорнод цэргийн тойргийн I шүүх авч хэлэлцэв. Шүүх хоёр хүүхдийг гэрийн хорионоос чөлөөлж, оршин суугаа газраа шөнийн цагаар орхиж явах, хоорондоо харилцах, интернет ашиглахыг нь хориглов.
Шүүх хурлын үеэр Никита Уваров сүүлчийн үгээ хэлэхдээ мөрдөн байцаагчид заналхийлж, ээжид нь дарамт үзүүлсэн гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бол “Өмгөөлөгчид хөлс төлөх мөнгө чинь хүрэхгүй дээ” гэж ээжид нь мөрдөн байцаагч хэлсэн байна. Бас хүүгээ эргэж очих гээд чадаагүйнх нь төлөө тэд эхийг нь “Муу хүн” гээд, төрөл садангийнхныхаа тусламжид найдаад хэрэггүй гэж даапаалж байжээ. “Миний нөхдийг дарамталж байж хэрэг хийсэн гэж хүлээлгэж мөрдөн байцаагч нар ажлаа хөнгөвчиллөө. Намайг хэрэг хүлээхгүйг ойлгоод ёс суртахууны хувьд буулгаж авахын тулд надад их муу тодорхойлолт зохиож, шоронд хийхийг зорьсон” гэж Уваров үзсэн байна.