Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил, Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нарт холбогдох хэргийг НПГ-ынхан хянаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр АТГ-т буцаажээ. Уг нь эл хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн 2021 оны арванхоёрдугаар сард прокурорын хяналтад хүргүүлж байсан юм. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж найзынхаа компанид давуу байдал олгон орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найзын аж ахуйн нэгжид давуу байдал олгон худалдсан хэрэгт дээрх хүмүүсийг холбогдуулсан юм.
Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнууд нь хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, Ш.Оргилтой ойрын харилцаатай Г.Баттулга гэх хүний хувь эзэмшдэг гадаад худалдаа, аялал жуулчлал, байгаль орчны зөвлөгөө өгөх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Эко петролиум” компанийг тендерт шалгаруулсан аж. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон.
БОАЖ-ын сайдын тушаал гарч, түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хэд хэдэн сумын нутгаас нь хууль бусаар түүж бэлтгэсэн хүмүүсийг Сэлэнгэ аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан саатуулж, барааг нь багаж хэрэгсэлтэй нь хураасан байдаг. Түүнийг нь улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, Засаг дарга Ш.Оргилын нөлөөгөөр найз Г.Баттулгынх нь аж ахуйн нэгжид зарсан гэж буруутгаад буй билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа