Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Төрийн тэргүүний эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан нар өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Уг зарлигт Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулахаар тусгасан байна. Мөн архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулахыг чиглэл болгожээ. Түүнчлэн төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй хүлээн авалт, албан ёсны баяр, ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох талаар заасан байна.
Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг танилцуулсныхаа дараа “Өнөөдөр Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, ард иргэдийн архины хэрэглээний түвшнээс харвал өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ их байна. Улмаар гэмт хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар дагуулж байгаа. Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Одоогоор 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15 660 төгрөг байгаа. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 15 660 төгрөг болгох хэрэгтэй. Энэ хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж, уг зарлигийн заалтуудыг тусгана” хэмээв.