Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш хэлэлцэхээр товложээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард тэднийг саатуулж, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасныг зарим уншигч санаж байгаа. Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалгаж, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, НПГ-т хүргүүлэн, улмаар 2019 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч дээрх шүүхээс буцаасан юм.
Уг хоёр хүнийг 2012-2017 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдуулсан байдаг. Тодруулбал, ах дүүсийнхээ буюу хамаарал бүхий хүмүүсийнхээ “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй удаагийн үйлдлээр дээрх 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэж буруутгасан билээ.