Өмнөд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг цар тахлын халдвараас хамгаалж, эрүүл иргэд БНХАУ-ын хилээр оруулах зорилгоор “бөмбөлөг” гэх тусгаарлалтыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” суурьшлын бүсэд бий болгосон байдаг. “Бөмбөлөг”-т орж тусгаарлагдсан жолооч нараас хоёр удаа шинжилгээ авч хариу нь сөрөг гарвал хил нэвтрүүлж буй. “Бөмбөлөг”-ийн нэг л жолоочийн хариу эерэг гарвал бусад нь хил нэвтэрч чадахгүй болдог юм билээ. Түүнийг дагаад зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэх хардлага, мэдээлэл ч жолооч нарын дунд байдаг. Тэгвэл “Бөмбөлөг”-т орсон жолооч нар хүлээлгийнхээ байранд архидаж, зодолдох явдал гардаг аж. Тухайлбал, “Цагаан хад” суурьшлын бүс дэх “Шандаст транст” ХХК-ийн тусгаарлах байранд Баянхонгор аймагт оршин суудаг 30 настай Г.С нь согтууруулах ундаа хэрэглэж, нутаг нэгт 31 настай Н.Ө-г хутгалж гэмтээсэн байна. Өдгөө энэ хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт шалгаж буй юм.