Иргэн Б.Чулуудай цахим орчинд "Минй аав Э.Бат-Үүлийн цагдан хоригдсон хугацаанд захидал бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан" хэмээн мэдээлэл тараасан. Мөн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дээрх агуулгатай мэдээллийг хэвлэлд өгсөн. Харин ШШГЕГ-аас уг мэдээллийг үгүйсгэлээ. Тодорхой хэлбэл, хорих байгууллагаас Э.Бат-Үүлийн захидал харилцааг нь хязгаарлаагүй бөгөөд тэрбээр нийт зургаан удаа гэр бүлийнхэн рүүгээ баталгаат шуудангийн хаягаар захидал илгээсэн аж. Өөрөөр хэлбэл, Э.Бат-үүл нь захидал харилцаа илгээх, илгээмж авах, мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэйгээ уулзах зэрэг хуульд заасан эрхээ зохих журмын дагуу эдэлж байгаа гэнэ. Мөн хорих анги хариуцсан прокурорууд тогтмол хяналт, шалгалт явуулж, хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эрх, эрх чөлөө хангагдаж байгаа, эсэхтэй танилцдаг аж. Прокурорын байгууллагаас ч түүний эрхийг нь хязгаарлаж, зөрчөөгүй гэв. Хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сарын 21-нд прокуророос ирж уулзаад, санал хүсэлтийг нь авсан байна. Өнгөрсөн хугацаанд Э.Бат-Үүл 22 удаа илгээмж хүлээн авч, 23 удаа өмгөөлөгчтэйгээ уулзаж, ар гэрийнхэнтэйгээ 30 удаа зохих зөвшөөрлийн үндсэн дээр уулзалт эргэлт авчээ.
Ташрамд дурдахад, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар тухайн хоригдсон хүн өөрийн зардлаар захидал харилцаагаар харьцах эрхтэй гэнэ. Гэхдээ тэднээс явуулсан захидал цахилгааныг хорих байрны захиргаанаас заавал хянадаг юм байна.