Өнөөдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого” хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн
"Хотын авто замын түгжрэл бол хот байгуулалтын, зам тээврийн, хууль эрх зүйн, боловсролын гэхчлэн салбар дамнасан асуудал учир цогцоор нь төлөвлөгөө боловсруулж шийдэх ёстой юм. Нөхцөл байдлыг товчхон ярихад, 2030 онд хотын хүн ам хоёр сая давна, 2050 онд гурван сая гаруй хүн амтай болно. Тэгэхээр цаг алдалгүйгээр оновчтой төлөвлөлт гаргаж, ажилдаа орох хэрэгтэй байна. Манай хотын хүн ам гурав дахин өсчихсөн байхад гол гудамж зам огт нэмэгдээгүй, баруунаас зүүн тийш чиглэсэн ганцхан гол замтай. Өдөрт 700 мянган машин тэр замаар зорчиж байна. Тиймээс нийтийн тээврийн сүлжээг нэмэгдүүлэх нь эхний зорилт. Мөн хотыг голоор нь хувааж байгаа Туул, Сэлбэ гол, төмөр зам дээр яг стандартын дагуу 1-2 км-ийн зайтай нүхэн болон гүүрэн гарцтай болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа" гэв.