Хүүхдүүдийн донтолтод өртөж буй үе нь 13-14 нас байна гэж үзсэн байдаг. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг, эхийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй. Өв тэгш гэдэг нь гэр бүл салахгүй байх, гэр бүлийн дотоод уур амьсгал төлөв төвшин байх, гэр бүлийн дунд ямар нэгэн хүчирхийлэлгүй байх нь чухал. Ийм орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хүүхдүүд ямар нэг хэлбэрээр зан үйлийн өөрчлөлтөд өртдөг. Дараагийн нийгмийн том орчин бол сургуулийн орчин. Хэрвээ хэвийн зөв, өв тэгш хүмүүжилтэй байх юм бол гэр бүлийн орчноос, сургуулийн орчинд шилжихэд маш амархан дасан зохицдог. Хэрвээ гэр бүлийн өв тэгш бус хүмүүжилтэй байвал сургуулийн орчинд дасан зохицоход маш төвөгтэй. Хүүхдийг хүүхэд байхад нь л засна. Насанд хүрсэн хойно нь засах боломжгүй аж. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа энэ талаар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэн, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг. Гэмт хэрэгтний ярианаас...Ганц удаа л үзчихье гэж бодоод сонирхож хэрэглэсэн. Түүнээс биш үүнийг хэрэглээд байя, би хар тамхичин болно гэж огт бодож байгаагүй. Зүгээр л сонирхол. Хүмүүс яриад л байдаг болохоор энэ нь яг ямар байдаг юм бол гээд л сонирхоод үзчихсэн гэвч сүүлд нь үр дагаварыг нь мэдэрч байна. Би хэзээ ч хар тамхичин болчихно гэж бодоогүй, бодож энэ зүйлийг хэрэглээгүй гэдэг" гэв.
Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулиудаар энэ төрлийн гэмт хэргийг зохицуулдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 1-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэдэг.