Сүүлийн үед цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-т заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тиймээс цагдаагийнхан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хэд хэдэн зүйлсийг сануулав. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж байгууллага ажилтан авахдаа тухайн иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эд хөрөнгө, бараа материал хүлээлгэн өгсөн баримт үйлддэггүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлдэггүй, тооллого явуулдаггүйтэй холбоотой тухайн гэмт хэрэг нотлогдохгүй байгаа юм. Тийм учраас хувиараа бизнес эрхэлж буй иргэд ажилтан авахдаа хувийн байдлыг сайн шалгах, санхүүгийн анхан шатны баримтаа бүртгэх, тооллогоо хийх, ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон хамтран ажилла,х гэрээ байгуулснаар тухайн гэмт хэрэг тодорхой хэмжээнд нотлогдох цаашлаад гэм буруутай этгээдэд хуулий дагуу хариуцлага хүлээлгэх, хохирсон эрхийг тань сэргээх бүрэн боломжтой юм.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
1. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.