Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатартай холбосон 32 километр урт тууш замын хөдөлгөөнийг Өнгөрсөн онд нээсэн.
"Тууш зам" гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй замыг хэлдэг байна.
Манай иргэд тууш замыг хурдны замтай андуурч хөдөлгөөнд оролцож байгааг албаныхан мэдээллээ.
Хурды зам гэдэг нь тэмдэг тэмдэглэгээгээр 80-100 км явах хурдны доод хязгаарыг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл заасан хурдаас удаан явж болохгүй гэсэн үг. Тэгвэл Хөшигийн хөндийн тууш зам нь хурдны дээд хязгаарыг зааж өгсөн юм.
Монгол Улсад одоогоор хурдны зам баригдаагүй гэдгийг ТЦА-ыхан онцоллоо.
Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэмд тууш замд дараах хөдөлгөөнийг хориглодог байна.
- Зүүн болон буцаж эргэх,
- Ухрах үйлдэл,
- Түр болон удаан зогсох,
- Жолоодлогын дадлага хийх,
- Ачааны автомашин нэг ба хоёрдугаар эгнээнээс бусад эгнээгээр явах,
- 100 км-ээс илүү хурдтай явах,
Түүнчлэн явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор, машин механизм болон дээд хурд нь 40 километрээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
Иймд жолооч нар уг замаар зорчихдоо дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөлөө.