Иргэд цахилгаан тавиулах, орон сууцаа дулаалуулах хүсэлтээ уламжлав. Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын Дунд даваа орчимд нутаглаж буй 100 орчим өрхийн төлөөлөл Ерөнхий менежер Д.Ганболдтой уулзаж, өнөө хэр гэрэл цахилгаанд холбогдоогүйгээс амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Хүсэлт гаргасан иргэн Д.Нарантуул л гэхэд Дунд даваанд 15 жил амьдарч байгаа аж. Гэрэл цахилгаангүйгээс хүүхдүүд цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орсныг уулзалтын үеэр хэлсэн юм. Тэд гэрэл цахилгаантай болгохын сацуу газраа өмчлөх боломж олгож өгөхийг давхар хүссэн.
Нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан хэдий ч орон сууцны зориулалтаар ашиглаж болох 1077 угсармал орон сууц бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрт техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийх юм. 2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 73 блок барилгад 11.9 тэрбум төгрөгийн, 2021 онд 53 блок барилгад 12.8 тэрбум төгрөгийн гадна фасадын засвар, дулаалгын ажил хийжээ.