Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "ИРГЭН ТӨВТЭЙ ЖИЛ" болгон зарлаж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа. Үүний дагуу өнөөдөр Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна хэмээн Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.
Тэрбээр,"Үндэсний соёл амралтын хүрээлэн 1966 онд Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй ашиглалтад орж байсан. Цаашдаа ч хүүхэд залуучуудын соёл, спортын хүрээлэн болсон ногоон байгууламж байх ёстой. Дэлхийн хотуудын ногоон байгууламж сараалжин хашаагаар хүрээлүүлсэн иргэддээ хаалттай байдаггүй. Тиймээс нийслэлээс зохион байгуулж байгаа хашаа хайс буулгах ажлын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг буулгана. Хот байгуулалт, хөгжлийн газар энэ хүрээлэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу зөрүү мэдээлэл гарч, зарим тохиолдолд улстөржүүлсэн байдлаар асуудалд хандаж байна. Улс төр хийж байгаа хүмүүсийн үгэнд орохгүйгээр хашааг нь буулгаж тохижуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн паркийн хашаанд ямар ч оффис, орон сууц барихгүй. Нийслэлд хийсэн ажлуудад сэтгэл дутах биш хөрөнгө мөнгө дутдаг байсан. Иргэдийн хяналт сайжирсан, ард түмэн харж байна. Бид энэ газрыг хамгаалах үүрэгтэй. Одоо хотын төвд барилга байшин барих нь амаргүй болсон шүү. Тиймээс иргэдийн саналыг асууж байж барих хэрэгтэй. Харин энэ жилээс төсвийг 30 дахин нэмэгдүүлсэн тул хариуцлагатай, гүйцэтгэх ажлын хяналттай явуулна. Дараа нь хууль хяналтын байгууллагад дуудагдахааргүй юм хийх ёстой" гэж хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хотын даргаас өгсөн үүргийн дагуу паркийн захиргаатай хамтраад 20 орчим га газарт иргэд ирж амарч тухлах ногоон байгууламж, явган хүний зам, олон төрлийн спортын талбай хийнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж болох нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм. Зураг төслийн ажил нь эхэлчихсэн байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ" гэдгийг онцлон хэлэв.