Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхээс МУИС-ийн Хуулийн сургуулийн оюутан Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад байсан. Тэгвэл тус шүүх өнөөдөр дахин хуралдаж, дээрх хилийн хоригоо цуцаллаа.
Шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр халуун кофе асгасан үндэслэлээр шалгуулж байгаа билээ.