Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарчээ. Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэний мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байжээ.
Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай, эрэгтэй, Н.Э гэгчийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан дүгнэлтээр уг иргэн татаж байсан тамхины ишээ унтраалгүй шидсэний улмаас гал алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Иймд иргэд та бүхэн галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.