Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТВ)-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг саатууллаа гэсэн мэдээг өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид фэйсбүүкт түгээв. Эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр уг нь тус байгууллагынхан захирлуудын зөвлөлийн хурлаа хийхээр товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, төд удалгүй АТГ-ын мөрдөгч түүнийг ажил дээрээс нь дагуулан явснаар дээрх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, холбогдох байгууллагынхан ч андуу тайлбар өгснөөр түүнийг 48 цаг саатуулсан гэж бичиж эхэлсэн юм. Харин албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “МҮОНРТВ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг тухайн байгууллагынх нь ажилтнууд шалгуулах тухай гомдол гаргасны дагуу тайлбар авсан. Тус радио, телевизийн ажилтнууд захирлыгаа албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр дуудсан юм. Түүнээс биш цагдан хорьсон гэдэг нь ташаа” гэсэн мэдээлэл өглөө.
Бэлтгэсэн: Г.Равжаа