“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү, Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14–ний өдрийн 10 цагт товлосон.
Гэвч шүүгдэгч Э.Сүрэн оролцож чадаагүй. Тэрбээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотойгоор ирж амжаагүй байна. Мөн Г.Алтанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс гадна оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулав. Дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, улмаар улсаа их хэмжээний өрөнд унагасан билээ.