Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номын нээлтэд оролцлоо. Тус ном нь өнөөгийн дэлхий ертөнцийн өөрчлөлт, иргэдийн хот дагасан төвлөрөл, тэдгээрийг дагасан асуудлын стратеги, шийдэлд шинэлэг байдлаар хандах хэрэгцээг харуулахыг зорьсон бүтээл юм. Уг бүтээлд ирээдүйн хотууд, тэдгээрийн мөргөлдөөн, хүн ам, хотжилт, далайн эрэг орчмын суурьшил, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн томоохон мега трендийн бий болгож буй сорилт, боломжуудыг нэгтгэж өгчээ.
Нийслэлийн удирдлагууд хотжилт дагасан хүн амын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад бүхий л талаас нь онцгой анхаарч байгаа. Тиймээс ил асуудалд шинэлэг байдлаар хандахад судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, баримт, нотолгоог агуулсан уг бүтээл нь чухал нөлөөтэй юм. Австралийн цэргийн стратегич Дэвид Килкүллэний тус номыг Хошууч генерал, профессор Я.Чойжамц болон түүний хүү Ч.Ариунбат нар монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын гарт хүргэж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид ном уншиж байж өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цаглабар дахь хүн төрөлхтний хөгжлийн үе шатуудыг судалж, мэдэн, түүнээсээ суралцаж, мэдлэгээ зузаатгах учиртай. Түгжрэл, төвлөрөл бол нүд ирмэхийн зуур шийдэгдэх асуудал биш. Аливаа зүйлд судалгаа, шинжилгээний үндэслэлтэй хандах учиртай. “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” номд хүн амын төвлөрөл, хотжилттой холбоотой асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, чухал баримт нотолгоотойгоор оруулсан. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах ажилд салбар салбартаа хичээн, хамтран зүтгэцгээе” хэмээсэн юм.
Харин номын орчуулагчаар ажилласан Хошууч генерал, профессор Я.Чойжамц “Хүн амын шилжилт, төвлөрөл, хотжилт, хотжилтоос үүссэн бэрхшээл сорилтууд болоод тэдгээрийг шийдэхгүй орхиход үүсэж болох томоохон сөрөг үр дагавруудыг уг номд тусгасан. Хот судлал, хүн ам судлал, аюулгүй байдлын судлал, цэргийн судлал гээд маш өргөн хүрээг хамарсан судалгаа, шинжилгээний үндэслэлтэй бүтээл гэж хэлж болно. Тус бүтээлд хүн амын өсөлтөөс үүдсэн хотжилт, хотжилтоос үүдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үр дагавруудыг шинжилсэн гэдгийг дахин онцолъё. Тиймээс төрийн болоод аюулгүй байдлын бодлого тодорхойлогчдод чухал ач холбогдолтой байх болов уу гэх үүднээс энэхүү бүтээлийг орчуулан гаргалаа” гэв.
Номын нээлтэд мөн Улс төрийн зүтгэлтэн, судлаач, дипломатч, доктор Р.Болд, “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр /Баабар/, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо тэргүүтэй эрхмүүд оролцон, үг хэлсэн юм.
Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Ном болгон өөрийн зорилтот уншигчидтай байдаг. Дэвид Килкүллэний “Нүүдэл суудал: Хотжилт ба цэргийн стратеги” хэмээх ном бол офицерууд, энхийг сахиулагчид, сонсогчид төдийгүй хотжилт, төвлөрлийн асуудалд санаагаа чилээж, бодлого тодорхойлох удирдагчид, тэдгээрийн баг хамт олны заавал унших ширээний болоод өврийн ном байх ёстой” хэмээлээ.