Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудад гурван чиглэлээр есөн үүрэг, даалгавар өгсөн байна.
- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах.
- Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.
- Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
- Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.
- Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулж, автобусны буудлуудыг таглаж зогссон жолооч нарт хариуцлага тооцох, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг журамлах, торгох, оноо хасах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга, нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.