Сааралтан бүдгэрэх Улаанбаатараас “Хөх сувд” мөсний баярыг зорин Хөвсгөлд очоод суунаглах утааг умартан гурван хонолоо. 700 гаруй км замыг туулан Хөвсгөлийн Мөрөнд очиход хоноглох, хооллох газар олдохгүй “тарчигхан” хот биднийг угтав. Мөн Хатгалын сум руу нэвтрэх машин бүрээс 20 мянган төгрөгийн хураамж авч, аяллын зөвлөмж бүхий хуудас өгч байв. Аялагчид нэг сарын өмнөөс захиалга өгч, зочид буудлуудын өрөөг дүүргэжээ. Манай улсын аялал жуулчлалын гол бүс атлаа амралтын газрууд нь 15 мянган хүнийг багтааж, шингээх газаргүй, байгаа цөөн өрөөнийхөө үнийг ердийн үеэс хоёр дахин нэмснийг гайхмаар.
Одоогоос 20 жилийн өмнө зөвхөн Хатгал сумын иргэд цуглаж, 10 гаруй морин чарга уралдуулдаг байсан гэх эл баяр өдгөө гадаад, дотоодын олон мянган жуулчдын сонирхлыг татсан, онцлог ихтэй болжээ. Баярын талбайд Эрдэнэт, Орхон, Булган зэрэг аймгийн улсын дугаартай машинууд харагдах. Гадаадын иргэд ч цөөнгүй ирсэн байв.
2022.3.3-ны өглөө 11.00 цагт нутгийн удирдлага цэнхэр хадгаа дэлгэн идээ, сүүнийхээ дээжийг тайзны хоёр талын баримлын өмнө тавьснаар мөсний баяр эхэллээ.
Эл баярын гол онцлог нь мөс мөргөлдүүлэх тэмцээн, тахтай морин чарганы уралдаан. Очсон хүн бүр хүүхэд шиг хөөрч, мөс мөргөлдүүлэн тоглож, морин чарга дээр дуулан, цэнгэж яваа харагдана. Баярын эхний өдөр хүчтэй салхилж, нарыг “хөөн” үүлний цаагуур оруулсан ч хүмүүсийн хөөрсөн сэтгэлийн дулаан илч тэнд урласан мөсөн баримлуудыг хайлуулам дулаан байлаа. Баярын талбайг тойрон наймаачид Хөвсгөлийн брэнд болох эмийн ургамал, утсан загас зарахаас гадна бугын эвэр, чонын гавал, үнэгний арьс, ясаар хийсэн аяга зэрэг нүүдэлчин ардын онцлогийг харуулсан эдлэл, хэрэглэл арилжина. Талбайн голд аварга мөсөн гулгуур байх. Түүн дээр томчууд, хүүхдүүдтэй зэрэгцэн гулгаж наадна. Талбайг тойруулан монгол гэр, морь, баавгай, ирвэс, хөлөг онгоц зэрэг 20 гаруй мөсөн баримал байршуулжээ. Харин зүүн жигүүрт хоолны 20-30 гэр байх аж. Эл газруудад хуушуур 1500, цай 500, шөлтэй хоол нь 7500 төгрөгийн үнэтэй. Баруун жигүүрт тэшүүр, сур харваа, мөс мөргөлдүүлэх тэмцээний талбай зассан харагдана. Тэмцээн эхлээгүй ч хүмүүс өөр өөрийн сонирхож буй газраа очиж, зугаацах аж. Энд тэшүүртэй хүмүүс төвөггүйхэн гулгах бол, явган нь халтирахаас болгоомжилж оцон шувуу шиг л алхална.
Хэсэг газарт морин чарга, морь, тэмээ унуулдаг хүмүүс зогсоно. Эдгээрийн аль нэгийг 10-15 минут унахад 5000-10000 төгрөг төлөх ёстой. Морин чаргаа түрээслүүлж буй ах нар бор дарсаар дотроо “халаажээ”. Улмаар “Сүүлийн хоёр жил тасалдсан ч энэ жил маш сайхан баяр болж байна. Манай нутгийн бахархал болсон баяр шүү дээ” хэмээн тас тас инээлдэнэ.
Дархад, цаатан угсаатны урлагийн тоглолт, “Хөх цом” яруу найргийн наадам, “Өвлийн гоёл” үндэсний хувцас загварын тэмцээн зэрэг цуврал үйл ажиллагаа талбайн голд зассан тайзан дээр хөвөрнө. Загварын тэмцээний үеэр ангийн арьсан хувцас, эдлэлээр гоёсон 40 орчим насны нутгийн уугуул анчин үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татав. Тэрбээр бугын эвэртэй малгай, чонын арьсан хүрэм өмсөж, бүсэндээ далны яс, хутга зүүж, гартаа ангийн буу барьжээ. Ах өөрийн өмссөн хувцсаа цөөн үгээр, товч тайлбарлаад тайзнаас буув.
Талбайгаас зайдуухан найман био жорлон байршуулж, гадаа нь ариун цэврийн хэрэглэл, цаас тавьсан нь таалагдлаа. Гэвч өглөө очиход цэвэрхэн байсан жорлон үдээс хойш олны хөлд дарагдаж, бохирджээ. Үүнээс үзвэл бид одоо хүртэл зөв, цэвэрхэн аялж сураагүй мэт санагдана. Аль ч газар очсон ариун цэвэр, тав тух чухал шүү дээ.
Хатгал, Мөрөнд хоноглох газар олдохгүй тул нарны эртэд буцав. Орой 18.00 цагт “Хөх сувдын орон” үдшийн цэнгээн болж, сэтгэл хоргодож байсан ч аялагчид эндээс эртхэн гарч Эрдэнэтийн тухтай буудалд амрахыг илүүд үзжээ. Буудаллах, хооллох газар байсан бол буцаж явмааргүй сайхан баяр юм аа гэцгээх. Баяртай цэврээс цэвэр, цэнгэгээс цэнгэг “Хөх сувд” минь. Сайн байна уу, сааралтан дуниартах “Утаанбаатар” минь.