Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий дөрвөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Хэргийн талаар товч дурдахад, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Д.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Тодорхой хэлбэл, Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь уг гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Д.Батбаяр тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг. Улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс Д.Батбаяр нарт төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгож, их хэмжээний мөнгө өгсөн аж. Харин Д.Батбаяр нар бичгээр өгсөн амлалт, баталгаануудаа хэрэгжүүлээгүй билээ.