Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас бусдын толгой дээр халуун кофе асгасан, яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргажээ. Саналыг 2022 оны гуравдугаар сарын 04-нд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “...Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.